Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Д.Ангар: Хадгаламжийн хүүг тэглэж байж улсаараа коронавирусийг давж гарна

Д.Ангар: Хадгаламжийн хүүг тэглэж байж улсаараа коронавирусийг давж гарна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-11-28 15:16:35

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Цар тахлын үед эдийн засгаа сөхрүүлчихгүй аваад үлдэх боломж байна уу?

-Хөл хорио тогтоосныг буруутгаж болохгүй. Энэ шийдвэр зөв. Гэхдээ нөгөө талд нь эдийн засгаа давхар харж байх ёстой. Ийм үг гарсан байсан даа. “Коронавирусээс болж олон хүн нас барна. Харин түүнээс илүү хэдэн мянган хүн дампуурна” гэж. Коронавирус эдийн засгийн вирус болчихжээ. Нэг хүн коронавирусээр өвдлөө гэхэд нөгөө талд нь 1000 хүн сөрөг үр нөлөөнд нь орж байна гэсэн үг. Бид коронавирусийг эдийн засаг талаас нь харах ёстой. Эхлээд бүх л улс орнууд эрүүл мэнд талаас нь харсан. Харин нөгөө талд коронавирус эдийн засгийг маш их сүйтгэж байгааг олж харсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирустэй хамт эдийн засгаа анхаарч эхэлсэн. Монгол Улс хэд хоногийн өмнө халдварыг алдсан гэж хөл хорио тогтоосон нь зөв алхам. Гэтэл эдийн засаг маань үнэхээр сүйрч байна. 

Монголын эдийн засагт коронавирус маш хүндээр тусч байна. Яагаад гэхээр зээлийн хүүтэйгээ уялдаад тэр. Бусад улсын иргэд, ААН нь ч зээлтэй. Гэхдээ бусад улс орны зээлийн хүү нь бага байдаг. Бизнесийн зээл жилийн таван хувь. Коронавирус гараад эхлэнгүүт ААН-үүдээ таван хувийн зээлийг төлж чадахгүй гэж үзэн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас эхэлж бага байсан зээлийн хүүгээ улам буулгасан. ААН-үүдээ аврахын тулд зээлийн хүүгээ нэг хувь болгож өгсөн. Энэ цаг үед ААН-үүдэд харилцагч, борлуулалт, ашиг орлого байхгүй. Тиймээс улс орнууд эдийн засгаа хамтад нь анхаарч эхэлсэн. Эдийн засаг гэдэг үгийн цаана ААН гэдэг ойлголт бий. Солонгос улс бизнесийн зээлийн хүүгээ нэг хувьд хүргэсэн. Герман гэхэд ААН-үүддээ амьсгаа авах боломж өгөхийн тулд зээлийг нь төр нь худалдаж авч байна. 

Монголд бизнесийн зээл 25-28 хувийн хүүтэй. Жижиг, дунд ААН-үүдэд банкнаас зээл олддоггүй. Тиймээс ББСБ, ломбардаас зээл авдаг. Энэхүү зээл нь 50-100 хувийн хүүтэй. Хуучин ААН-үүд өндөр хүүтэй ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг байсан. Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд ААН-үүд харилцагч, борлуулагч, орлого байхгүй. Цаад талд нь зээлийн хүү нь гүйгээд ирэхээр санхүүгийн хүнд байдалд орж байна. Энэ тал дээр Монголын төр арга хэмжээ авахаас өөр аргагүй.

-Саяхан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23 арга хэмжээг Засгийн газраас авсан. Эдгээр арга хэмжээнд ААН-үүдийг дэмжсэн зүйл алга зэрэг шүүмжлэл хөвөрч харагдсан...

-Засгийн газрын авч байгаа арга хэмжээнээс нэг нь ч ААН-д үнэхээр тус дэм болохгүй. Байгаа оноогүй, асуудлаа ойлгоогүй 23 шийдэл байна лээ. Харин Монголбанк мөнгөний бодлогоо хоёр хувиар буулгалаа. Энэ бол эхлэл. Үүнээс ч илүү буулгах ёстой. Бодлогын хүүг гурав хүртэл нь буулгаж байж ААН-үүдийн дарамт багасна. Эдийн засаг хүндрэлтэй үед төрөөс оролцож зээлийн хүүг буулгах ёстой. Солонгос, Герман, АНУ, Англи, Австрали шиг жилийн нэг, хоёр хувийн хүү болго гэхээ больё. ААН-үүдийн зээлийг 25 хувиас нэг оронтой тоонд буюу 8,9 хувь хүртэл буулгаж өгөх ёстой.

-Бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж бий юү?

-Бүх боломж нь манайд байна. Гол нь Засгийн газар, Монголбанк хөдөлж өгөхгүй байна. Коронавирусийн түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар маш зөв санал гаргасан. Хадгаламжийн хүүг дунджаар 11 хувийн хүүтэй байна. 11 хувийн хүүг тэглэх ёстой. Ингэж байж зээлийн хүү 11 хувиар буурна. Одоо зээлийн хүү 20 гаруй хувьтай гэхээр хадгаламж тал хувь нь. 

Хадгаламжийн хүү буурчихвал иргэд, ААН-д ирж байгаа зээлийн хүү 11-12 хувиар буурна гэсэн үг. Энэ цаг үед эдийн засагт хадгаламжинд хүү төлөх чадвар байхгүй. Банк нэг ч төгрөгийн хадгаламжийн хүү төлдөггүй. Иргэд, ААН-үүдийн төлсөн хүүнээс банк өөрийн ашиг, өөрийн зардлыг санхүүжүүлээд тэр мөнгөнөөсөө хадгаламжийн хүү гэж төлдөг. Гэтэл иргэд, ААН зээлийн хүүгээ төлөх нь байтугай, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ.

-Хадгаламжийн хүүг тэглэх ёстой гэж үү?

-Хадгаламжийн хүүг тэглэх л хамгийн зөв алхам. Өөр шийдэл байхгүй. Энэ асуудлыг дээрх хоёр гишүүн гаргачихаад байгаа юм биш. 1933 онд АНУ-д их хямрал болсон. Үүний дараа АНУ банкны хадгаламжийн хүүг бүгдийг нь тэглэсэн. Тэр зохицуулалт саяхныг хүртэл үргэлжилсэн. Арилжааны банкуудын хадгаламжийн хүүг төв банкнаас зохицуулах учиртай. Монголд сүүлийн 30 жил хадгаламжийн хүү нь ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас банкууд хоорондоо өсгөж уралдсаар байгаад хадгаламжийн хүүг хэт өсгөсөн. Хадгаламжийн хүүний өсөлтийг зээл авсан иргэд, ААН төлдөг. Тиймээс одоо шууд хууль гаргаад хадгаламжийн хүүг тэглэх шаардлагатай. Энэ хэмжээгээр зээлийн хүүг бууруулах ёстой. Ингэж байж бүх улсаараа коронавирусийг давж гарна. Тэрнээс хадгаламжийн хүүг хэвээр нь байлгавал бүх ААН-үүд дампуурна.

-Хадгаламжийн хүүг тэглэх боломжгүйг Монголбанк, Монголын Банкны Холбооноос хэлж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш унаж, банк санхүүгийн салбарт эрсдэл үүснэ. Харин таны хувьд хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна уу?

-Хадгаламжийн хүүг бууруулахаар ямар өөрч-лөлт гарна гэхээр өндөр хадгаламжтай хүмүүс хөрөнгө оруулалтын бусад сонголтуудыг хайж эхэлнэ. Компаниуд, ААН-үүдэд хөрөнгө оруулж эхэлнэ. Энэ бол бусад улсад бий болсон туршлага. Бид тэр замаар л явах ёстой. Хадгаламжийн хүү тэг боллоо гээд мөнгөө ам.доллар болгоод гадагшаа гаргачихна гэсэн зүйл байхгүй. Дотоодод байгаа бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хайж эхэлнэ. Тэр нь компанийн бонд. Би 200 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Банк надад 12 хувийн хүү өгч байгаа тохиолдолд тэр мөнгөө эргэлдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би жилд 24 сая төгрөг, сард хоёр сая төгрөгийн хүү зүгээр л аваад байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа үед мөнгөтэй хүмүүс толгойгоо ажиллуулах шаардлагагүй. Гэдсээ илээд л хэвтэж байна. 

Харин одоо хууль гараад Монголбанк хадгаламжийн хүүг тэглэлээ гэж бодъё. Тэгвэл хадгаламжиндаа байгаа мөнгөө авалгүйгээр мөнгөндөө хүү олохын тулд компаниуд руу бонд авахаар хандаж эхэлнэ. Энэ процесс л Монголд явна. Бусад улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд байдаг гэхээр хадгаламжийн хүү байдаггүй болохоор. Монголд хадгаламж хүүтэй болохоор хөрөнгийн зах зээл хөгждөггүй юм. Харин иргэд илүү өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалтуудыг л хайж эхэлнэ. Эхний ээлжинд компанийн бонд байна. Энэ бол маш сайн зүйл. Ингэж байж компаниуд бага хүүтэй санхүүжилттэй болно. Банк надад 12 хувийн хүү өгөөд байгаа учраас би юу ч бодохгүй гэртээ суугаад байна. 

Харин хадгаламжийн хүүг тэг болгочихвол би компаниас бонд худалдаж авдаг болно. Бүх улсад хадгаламжийн хүү төрөөс маш зохицуулалттай явдаг. Хөл хорио тогтоосон үед хадгаламжийн хүүг тэглэх ёстой. Зарим эдийн засагч, Монголбанкны залуучуудын яриад байгаа шиг хадгаламжийн хүүг тэглэчихээр сүйрэл болохгүй. Банкны систем унахгүй, дампуурахгүй. Харин ч банкуудад ашигтай.

-Дахиад хөл хорио сунгавал эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх бол?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс хатуу хөл хориог цааш нь сунгавал шууд маш том эдийн засгийн хямрал эхэлнэ. Зогсоож дийлэхгүй. Жижиг, дунд ААН-үүдийн 50 хувь нь дампуурна. Нэг жижиг, дунд ААН-ийг босгохын тулд таван жил зарцуулагддаг. Зах зээлдээ танигдана, өөрийн гэсэн харилцагчтай болно гээд хугацаа орно. Цар тахлын үеэр төр засаг ААН-үүдээ дампууруулчих юм бол ойрын 10 жилдээ эдийн засаг сэргэхгүй. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Бүх улс энэ цаг үед яагаад эдийн засаг гэж яриад байгаагийн утга учир ердөө энэ. Компаниудаа дампууруулж болохгүй гэдэг бодлого төрийн бодлогын нэгт яваад байна. УИХ, Засгийн газар илүү том бодлогоор харах хэрэгтэй. Үсчин, жижиг хоолны газар, өдрийн цалингаараа амьдардаг хүмүүс сүйрч байна. 

Эдийн засгийнхаа суурь болсон ААН-үүдээ харж үзэх ёстой. ААН-үүд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл арай гэж тэсч байгаа юм. Үүнээс цааш дахиад хөл хорио яригдах юм бол ААН-үүд тэсэхгүй. Нэг жижиг ААН гэхэд л банк, банк бусаас зээлтэй байгаа. Олон ААН-үүд зэрэг дампуураад эхэлвэл банкны системдээ ч нөлөөлнө. Системийн маш том хямралын асуудал яригдана. Гэтэл үүнийг төр засаг ойлгохгүй. Цар тахлыг дарж авах ёстой, гэрээсээ гарч болохгүй гээд байдаг. Гэр бүлдээ хайргүйдээ гарах гээд байгаа юм биш ш дээ. Өр зээл нь нэхэгдээд байгаа учраас ажлаа явуулах шаардлагатай байна. Энэ бүхнийг томоохон өндөр хадгаламжтай төрийн дарга нар ойлгохгүй л байна л даа.

-Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Үүнийг Засгийн газар хүлээж авсангүй. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

-Ирэх оны төсвийн тухай хэлэхэд, хямралын үед соёлын төв, спортын ордон, хөшөө барих ажлыг зогсоох ёстой. Энэ хэмнэлтээрээ иргэд ААН-ээ дэмжсэн арга хэмжээ авах нь зүйтэй. Дэлхийн банкнаас 50 сая ам.долларын зээл хүсч огт болохгүй. Бүхэл бүтэн улс байж төсвөөс гарсан хэмнэлтээрээ өөрсдөө вакцинаа худалдаж авах ёстой. Ерөнхийлөгчийн саналыг шилдэг арга гэж хэлэхгүй. Гэхдээ хөшөө барьснаас хамаагүй дээр. Дотоодын эдийн засгийн эргэлт гэж байхгүй болчихлоо. Үүнээс илүү шийдлүүд бий. Бид шийдлээ бодож сууж байгаад олох шаардлагагүй болчихсон. 

Манай улс бүх зүйлийн хойно алхаж байна. Үүний давуу тал нь бусад улсын алдаж оносон бодлогуудыг харж байгаад хийчих юм. Ерөнхийлөгчийн бэлэн мөнгө өгөх санал буруу биш. Ихэнх улс үүнийг хийсэн. Гэхдээ үүнээс илүү ашигтай зохицуулалт нь зээлийн хүүг буулгах. Энэ тал дээр Ерөнхийлөгч дуугарахгүй байна. ААН-ийн зээлийн хүүг дуугаараасай гэж бодож байгаа. Төрийн гурван өндөрлөг зээлийн хүүг бууруулах тал дээр амандаа ус балгачихсан юм шиг таг суучихаад байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь зээлийн хүү, бодлогын хүүг бууруулах чиглэл өгвөл төрийн бодлого арай өөрөөр явна.


Эх сурвалж: Өдрийн сонин 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-11-28 15:16:35

Сэтгэгдэл бичих