Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Б.Батцэцэг: Эмэгтэй энхийг сахиулагчдын 15 хувьд хүргэх НҮБ-ын уриалгыг дэмжин, ажиллана

Б.Батцэцэг: Эмэгтэй энхийг сахиулагчдын 15 хувьд хүргэх НҮБ-ын уриалгыг дэмжин, ажиллана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 12:44:02

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж байна.

Тэрээр өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзжээ. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсээд нэгэн жаран өнгөрчээ. Энэ түүхэн ойг бид өнгөрсөн онд хамтран ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Нэгэн жарны хамтын ажиллагаагаа дүгнэн, цаашдын зорилго зорилтуудаа тодорхойллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлал Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил,  нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхацлаа. Энэ нь олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсний илэрхийлэл гэж үзэж байна.        

Монгол хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүдийн ялгаварлалтгүй, тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс.  Иймд манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай 1325-р тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй албан хаагчдын тоог 15 хувьд хүргэх уриалгыг дэмждэг. 

2027 он гэхэд  бид энэ зорилгод хүрнэ. Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон дурдмаар байна. 2021 оны арван хоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататгахад Солонгосын хойгийн тогтвортой байдал нэн чухал гэж үздэг. Энэ бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг 2013 онд гаргасан. Энэ оны зургаадугаар сард манай улс Улаанбаатарын яриа хэлэлцээний долдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсныг мэдэгдэхэд таатай байна. 

Манай улс Далайд гарцгүй, хөгжиж буй  орнуудын судалгааны төвийг санаачлан байгуулсан. Энэ хүрээлэнг Тогтвортой хөгжил 2030-д хүрэхэд хувь нэмэр үзүүлэх, мэдлэг, инновацын төв болгохын тулд НҮБ-тай хамтран ажиллана. Дэлхий дахинаа тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэг зорилтыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг тэрбум мод" санаачилга эхлүүлсэн.

Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг 20126 онд эх орондоо зохион байгуулна. Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан, 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд уялдуулан хүн төвтэй  хөгжил, эрх зүйт ёс гэх мэт 5 тэргүүлэх чиглэлээр НҮБ-тай нягт хамтран ажиллана.  Нэн ялангуяа манай улсын боловсролыг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний гол эх үүсвэр болгох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: Далайд гарцгүй орнууд худалдаа, экспорт гэх мэт олон сорилттой тулгардаг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо.  Өнгөрсөн онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ойг тэмдэглэсэн.  Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулсан, зоригт монгол цэргүүдэд талархлаа илэрхийлж байна. Цаашид эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоо өсгөх болсонд би баяртай байна. Энэ шийдвэр олон улсад үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. 

Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангахад манлайлдаг.       

Цөмийн дайн гарч болзошгүй гэж хүмүүс бодох боллоо. Энэ цаг үед Монгол цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь маш зоригтой алхам.  

Нийт нутгийн дийлэнх нь цөлжилтөд өртсөн тул Ерөнхийлөгч санаачилга гаргасныг би өндрөөр үнэлж, өнөөдөр мод тарих болсондоо бахархалтай байна. Хэдий Монгол Улс далайд гарцгүй орон боловч гадаад бодлого нь маш идэвхтэй орон. Манай эх оронд ардчилсан шилжилт болох үед би тэр хувьсгалд идэвхтэй оролцогчдын нэг байв. НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх хүчин чармайлтад бүх талын дэмжлэг үзүүлнэ. НҮБ Монгол Улсын оруулсан хувь нэмэрт талархдаг гэв.       

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Дараа нь НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ажиллах юм байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 12:44:02

Сэтгэгдэл бичих