Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Мансууруулах үйлчилгээтэй “өвс” түүж хадгалсан иргэнийг хоёр жил БЗД-ээс гарахыг хориглов

Мансууруулах үйлчилгээтэй “өвс” түүж хадгалсан иргэнийг хоёр жил БЗД-ээс гарахыг хориглов

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:08:13

Иргэн У нь 2021 оны наймдугаар сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан байна. Мансууруулах үйлчилгээтэй уг “өвс”-ийг иргэн У нь худалдан борлуулах зорилгогүй байсан, зүгээр л түүж авсан гэж мэдүүлжээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр У-ын хадгалж байсан “өвс”-нөөс болон түүний шээснээс тус тус мансууруулах үйлчилгээтэй бодис илэрсэн байна.

Хуульд зааснаар, эмчийн жороор буюу эмчилгээний заалтаар мансууруулах үйлчилгээтэй эм хэрэглэхийг өвчтөнд зөвшөөрдөг, харин бусад тохиолдолд мансууруулах үйлчилгээтэй аливаа бодис, ургамалыг олж авах, түүх, бэлтгэх, хадгалах, бусдад өгөхийг хориглодог юм.

Прокуророос иргэн У-д мансууруулах үйлчилгээтэй ургамалыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд, иргэн У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох ял ногдуулав.

Мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Энэ тохиолдолд шүүхээс иргэн У-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан зорчих эрхийг нь хязгаарлах ял ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэн У шүүхээс ногдуулсан 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй бөгөөд, зөвхөн эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болон өөр тийш зорчих боломжтой юм.

Иргэн У хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу  шүүхээс тогтоосон 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр гарч явсан бол үлдсэн хугацааны хоногийг шууд хорих ялаар тооцож солихоор хуульд заасан байдаг.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:08:13

Сэтгэгдэл бичих