Жүжигчин Э.Пүрэвжаргал: Мэргэжлийн жүжигчин гэдэг утгаараа би 2-3 эротик дүр дээр ажилласан

 

 Монголын кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол яалт ч үгүй СТА, жүжигчин Э.Пүрэвжаргал. Олны анхаарлын төвд байдаг үзэсгэлэнт энэ бүсгүйтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя. Хөөрхөн бас халуухан, олны танил бүсгүйчүүдийн тоонд түүнийг заавал оруулдаг билээ.

-Ярилцлагаа "25-р суваг" телевизийн "21,000" нэвтрүүлгийн талаар эхэлье. Та хэдэн төгрөгтэй үлдэж яллаа?

-"21,000" шоу нэвтрүүлгийн 21 дэх цувралд би 13,600 төгрөгтэй үлдэж ялсан. Мөнгө өсгөдөг дугаар дээр 1,000 төгрөгийг 4,000 болгож өсгөөд, 13,600 төгрөгтэй үлдсэн юм. Харин комедиан Амараа маань 11,110 төгрөгтэй үлдсэн.

-Нууц биш бол шагналын мөнгөө юунд үрэв? Ер нь яагаад энэ нэвтрүүлэгт оролцсон юм бэ?

-Шагналын мөнгөө ийм тийм юманд гэж онцгойлж үрээгүй ээ. Зүгээр л амьдралынхаа хэрэглээнд оруулчихсан. Яагаад энэ нэвтрүүлэгт оролцсон юм бэ гэхээр өмнө нь "25-р суваг" телевизээс надад гурван ч удаа санал тавьсан юм л даа. Гэвч киноны зураг авалтуудтай байсан учраас оролцож чадалгүй явсаар өдийг хүрсэн юм. "Оролцож болно оо" гэсэн ч ажлын шаардлагаар хойшлуулсаар өдий хүрсэн хүн чинь санаа зовоод, энэ удаагийнх дээр нь бүх зураг авалтаа хойшлуулж зохицуулаад л оролцлоо.

-Ялахдаа хэр итгэлтэй байв?

-Үнэндээ ямар ч итгэлгүй байсан. Яагаад гэхээр манай гэрийнхэн, найзууд цөмөөрөө л "21,000 төгрөгөөр арав хононо. Илүү мөнгө үлдээсэн нь ялна. Тиймээс манай хүн энэ тал дээр ямар ч барьцгүй" гэж бодож байсан юм билээ. Дээр нь тэд миний хоолны маш их дуршилтайг, хоол хийх, идэх тун дуртайг мэднэ. Би ч гэсэн тэдэнтэй санал нэг л байсан. Гэхдээ яах вэ, эхний өдрийн худалдан авалтаа гайгүй хийгээд, бусдад нь өдөр болгон үрэх 1,000 төгрөгөндөө хүнсний бүтээгдэхүүнүүдээ бага багаар нэмж аваад байх юм бол яваандаа шоуныхаа төгсгөлд хоолны бүрэн материалтай болчих юм байна гэдэг тактик боловсруулсан. Нөхрийнхөө боловсруулж өгсөн энэ тактикаар явсан чинь ялчихсан шүү дээ. Тэрнээс биш би "Би ч дээ, ер нь бүтэхгүй нь" гэсэн бодолтой л байсан (инээв).

-Өрсөлдөгчийнхөө талаар яриач...

-Комедиан Амараа маань сайн өрсөлдөгч байсаан. Анх галт тэргэнд хамт суугаад танилцсан чинь эрэгтэй хүн л юм хойно "Би ална, би түрүүлнэ, би мундаг" гээд л. Би ч тэрэнд нь итгэчихсэн, дэмжээд л. Тэгээд 3-4 дэх хоног дээр анзаа нь мэдэгдэж байгаа юм чинь. Толгой нь эргээд л, өлсөөд л, ядраад л. Харин ясны шөл уугаад, чөмөг идээд яваа надад "За, энэ маань унаад өгөх юм байна" гэсэн бодол төрж байгаа юм. Эрэгтэй хүн бол хоол унд, тогоо шанага, гал тогооны асуудал дээр эрэгтэй хүн л юм байна гэдгийг мэдрээд, ер нь жаахан анхаарч эхэлсэн. Амараа бол зөвхөн хоол унд гэлтгүй бусад тал дээр тун хүчтэй, мундаг өрсөлдөгч байлаа.

-Улаанбаатарт 21,000-аар арав хонох, Эрдэнэтэд арав хонох хоёр хэр ялгаатай бол?

-Улаанбаатарт зах болгоны үнэ арай өөр, бас амьдрахад арай гайгүй санагдсан шүү. Үнэ ханшийн хувьд Эрдэнэтийнх Улаанбаатарынхаас арай үнэтэй юм билээ. Ширхэгээр нь, граммаар нь авч үзээгүй ч гэсэн Сэлэнгэд хямдхан байдаг хүнсний ногоонууд Эрдэнэтэд арай үнэтэй. Хотод Дэнжийн 1,000 ч юм уу Толгойтын "Сэлэнгэ" зах дээр хоосон, шулсан яс Эрдэнэтийн захынхаас хямд байна билээ. Ер нь Эрдэнэтэд юмны үнэ Улаанбаатарынхаас харьцангуй илүү гэж болно.

-Өрсөлдөгчөөсөө та юугаараа давуу байв?

-Миний нэгдүгээр давуу тал бол эмэгтэй хүн гэдэг маань байлаа. Өөрөөр хэлбэл юугаар ч хоол хийж чаддаг, юуг ч хоол болгож зохицуулж чаддаг маань миний хамгийн том давуу тал. Хоёр дахь давуу тал гэвэл би эерэг, өөдрөг, аливаад бууж өгөх биш тулгарсан тэр асуудлыг боломж, маргаашийн чадвар юм уу туршлага гэж боддог төрлийн хүн л дээ. Ийм хоёр давуу талтай байсан гэж бодож байна.

-Та юухнаар ч хоол хийчихдэг юм билээ. Энэ үнэхээр давуу тал шүү...

-Ер нь тантай санал нийлж байна шүү. Ганц миний ч гэлтгүй манай үеийнхний давуу тал болов уу. Бид нарыг жаахан байхад ээж аавууд өглөө ажилдаа явцгаачихна. Орой зургаа гээд харихад нь гэрт байгаа хүнсний зүйлээрээ ямар нэг гоё хоол хийчихсэн байх ёстой байдаг байв. Өмнөх нэг юм уу хоёр өдөр нь шөлтэй хоол хийсэн бол энэ өдөр хуурай хоол хийх ёстой. Ер нь бидний үеийнхний өөрсдөө шийддэг ганцхан зүйл байсан нь хоол гэхэд болно. Ямар хоол хийхээ л өөрсдөө шийднэ. Хөргөгчинд юу байна, түүндээ тааруулж, түүгээрээ зохицуулж, ямар нэг хоол хийчихдэг байсан маань одоо янз янзын юмаар, юухнаар ч юу ч хийж чаддаг болгосон гэж боддог. Ганц би ч биш манай үеийнхэн юухнаар ч хоол хийчихнэ дээ.

-Хамгийн хүнд болон хөнгөн даалгавар...

-Хамгийн хөнгөн даалгавар нь "Кагоме"-гийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүст амсуулж, промейшний ажил хийх байлаа. Би есдүгээр ангидаа нэг реалити шоунд оролцож байсан юм. Тэр шоуны даалгаврууд промейшний ажил хийж, бүтээгдэхүүнүүдийг хүмүүст танилцуулан зарах, борлуулах, сурталчлах л даа. Өөрөөр хэлбэл промейшний ажлын туршлагатай гэсэн үг. Ер нь жаахан мэргэшсэн, цагийн тийм ажил хийдэг байлаа. Тиймээс тэр ажил надад илүү амархан санагдсан. Хамгийн хүнд даалгавар гэвэл шаврын спорт буюу бартаат замын уралдаан байлаа. Аймаар аймаар донсолдог замаар раамгүй, шилгүй машинаар уралдана гэдэг үнэхээр хэцүү. Өмнө нь авто осолд орж байсан, хурдтай машинаар давхиж чадахгүй айдастай болчихсон би тэгж уралдахыг сонсоод маш их айсан. Гэхдээ урьд өдөр нь маргааш ямар зурагтайг нь мэдчихдэг болохоор биеэ бэлдээд, бясалгаад, өөрийгөө зоригжуулаад "За, арай ч дээ. Дахиад тийм азгүй юм надад тохиолдоно гэж юу байх вэ" гээд мэддэг маани мэгзмээ уншиж, хөл, гар, гэдэс, хэвлий, толгой, хүзүүнийхээ хамгаалалтыг зүүгээд л даалгавраа биелүүлсэн. "Ямар ч байсан даалгавраа аюул осолгүй биелүүлээд ирнэ ээ" гээд хөдөлсөн ч аз нь хаачих вэ дээ гэдэг шиг Амараагаас дөрвөн секундээр түрүүлчихсэн юм.

-Та хэдэн кг хасав?

-Монголчууд "Төлөөр баяжиж, шөлөөр цадна" гэж ярьдаг. Би шим тэжээлээ алдаад, турах хэмжээнд хооллоогүй. Хуушуур хийж идсэн, байнгын төмстэй зутан, ясны шөл ууж, уургаа алдаагүй болохоор нэг их тураагүй. Хоёр кг гарныг л хассан.

-Нэвтрүүлгийн үеэр мартагдашгүй, хөгжилтэй явдлууд олон тохиолдоо биз?

-Ес дэх хоног дээр нь бид нар Эрдэнэтийн ГОК-ийн зуслан руу машинаар бөөндөө явлаа. Гадаа бороо ороод л, Амараа, бид хоёр машинд ярих юмаа яриад л, тавьсан асуултад хариулаад л. Нэвтрүүлгийн багийнхан цөмөөрөө Эрдэнэтэд анх удаа очиж байгаа хүмүүс. Замдаа төөрөөд ядаж байхад тэр өдөр нөгөө зуслан руу явж байгаа ганц ч машин таардаггүй. Шаварт суугаад байнга бууж машинаа түрж явсаар арай гэж зусландаа очлоо, бүрзийсэн, нуль шавар шавхай болсон улс. Зусланд амарч байсан хүүхдүүд, ажилчид нь "Телевизийнхэн, жүжигчин Пунтик, комедиан Амараа ирлээ" гээд л. "Шаварт суусан шарга даага" гэдэг шиг биднүүс шавар шавхайгаасаа салж, гар нүүрээ угаагаад, зургандаа орж байгаа юм. Тэр л хөгжилтэй байсан. Бусдаар хөгжилтэй явдал тохиолдоогүй ээ. Үнэнийг хэлэхэд өлөн зэлмүүн хүмүүс чинь хөгжилдөж барилгүй, урсгал ус шиг л яваад ирсэн шүү.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Big Болдоо буюу Батболд найруулагчийнхаа "Нутгийн зүг" гэдэг кинонд хамгийн сүүлд тоглолоо. Одоо дараа дараагийнхаа уран бүтээлд орох гээд л биеэ бэлдээд, бэлтгэл ажилдаа орчихоод байна. -Анхны уран бүтээлийнхээ талаар яриач... -2014 онд сургуулиа төгсөх жилдээ "Эхлэлийн гайхамшиг" гээд арилжааны бус уран сайхны кинонд Гэгээнээ гэдэг охины дүр дээр ажилласан. Гол дүр л дээ. Үүнээс хойш есөн жил тасралтгүй уянгын, драмын, аймшгийн, олон ангит гээд маш олон төрөл жанрын уран бүтээл дээр ажиллаж байна.

-Та анхны киноноосоо хэдэн төгрөгийн цалин авав?

-Анхны уран бүтээлээсээ би 500,000 төгрөгийн цалин авч байлаа. Боодол 5,000-тын дэвсгэрт өгөхөд нь "Пүү, ийм их мөнгө өгдөг юм байх даа" гэж бодоод л, маш бахархалтайгаар анхны цалингаа авч байснаа одоо ч маш тод санадаг.

-Та "30 хоног, 30 секс" киноны гол дүрийг бүтээсэн. Найруулагчид эротик дүр илүү санал болгодог уу?

-"30 хоног, 30 секс" киноны гол дүр дээр ажилласан. Зохиолыг нь уншаад, Удвал гэдэг эмэгтэйн дүр дээр ажиллахдаа энэ нь эротик, секс сцентэй гэдэг утгаар нь биш, энэ бол бүх хүний, баян ядуу, царайлаг царай муутай, туранхай тарган, ямар ч хүний амьдралд байдаг, байх ёстой, байсаар ч байх үйл явдал, гол үйл явц гэдэг утгаар нь энэ кинон дээр ажилласан. Үгүй яах вэ, эротик дүрийн санал үе үе ирдэг л юм. Гэхдээ ганцхан надад биш ихэнх эмэгтэй жүжигчинд эротик дүрийн санал ирдэг гэж бодож байна. Гэхдээ бие хаа, царай зүс тэгш эмэгтэй жүжигчдэд тийм дүр санал болгодог болов уу. Эротик дүрд тоглоно гэдэг өөрсдийгөө мэргэжлийн гэж тодотгодог, жүжигчний мэргэжилдээ илүү мэргэшсэн эмэгтэйчүүд зөвшөөрч ажилладаг болов уу гэж би боддог. Тэрнээс биш зүгээр л нүцгэлэх дуртай гэдэг ч юм уу задгай жүжигчид тоглодог дүр гэж би үздэггүй. Мэргэжлийн жүжигчин гэдэг утгаараа бүх дүр дээр ажиллаж, бүх дүрийг бүтээж чаддаг байх хэрэгтэй гэдэг үүднээс би 2-3 эротик дүр дээр ажилласан л даа.

-Ингэхэд таныг секси бүсгүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Үгүй, санал нийлэхгүй ээ. Би өөрийгөө ерөөсөө тэгж боддоггүй. Харин ч эсрэгээрээ жоохон эрэлхэг, эршүүд гэж боддог шүү.

-Бүтээхийг мөрөөддөг дүр бий юу?

-Мэдээж жүжигчний хувьд бүтээхийг, ажиллахыг хүсдэг дүр байдаг. Хүчирхэг, ухаалаг, улс орныг удирдсан, чиглүүлсэн хатан эсвэл удирдагч эмэгтэйн дүр дээр ажиллахыг хүсдэг ээ.

 

-Гоо сайхны мэс заслын талаарх бодлыг тань сонирхъё...

-Багадаа гоо сайхны мэс заслыг буруутгадаг байлаа. Харин одоо ганц нэгхэн юм уу өөрт дутуу, ямар нэг дасгал хөдөлгөөн ч юм уу өөрийнхөө чадах юмаар өөрчилж янзлах боломжгүй зүйлийг, эд эрхтэнг мэс ажилбарын аргаар бий болгож, засаж өөрчилж хийлгэх нь зөв юм байна гэж боддог болсон. Тиймдээ ч би мэс засал хийлгэсэн. Түүнээс хэт их буюу туйлширч, бүх юмаа янзлуулж, бүрэн гүйцэд хиймэл болохыг эсэргүүцдэг хэвээрээ. Би ер нь аливааг хэм хэмжээнд нь байлгах дуртай. Аль нэг юм чинь дутуу бол тэрнийгээ дүүргэх нь зөв. Харин бүх юмаа солиулаад, бүх юмаа хиймэл болгоод, өөрийгөө бүрэн өөрчлөх, өөртөө бүрэн алдахыг эсэргүүцдэг шүү.

-Эрчүүд таныг их эргүүлдэг үү?

-(инээснээ) Ихэнх эрэгтэй хүн эргүүлэх гэж үздэг. Гаднаас нь хараад тэгж боддог юм уу эсвэл кинонд бүтээсэн нууц амрагийн бас эротик дүрүүдээс маань шалтгаалаад эрчүүд "Эргүүлнэ, барина" гэж боддог юм шиг байна билээ. Ер нь эргүүлэх гэж оролдоно шүү. Гэхдээ яг уг хүнийг нь хараад, дотор хүнтэй нь танилцаад, таван үг сольсныхоо дараа "За даа энэ хүүхнийг эргүүлж амжихгүй юм байна, чадахгүй юм байна, барахгүй юм байна" гэж боддог, ойлгодог, мэддэг. Энэ бүхний эцэст сайхан эр хүн шиг найзалдаг гэдэг ч юм уу эсвэл ах дүүс болоод д дуусдаг даа.

-Бага насны чинь талаар ярилцъя...

-Бага нас маань бусад хүүхдийн тодруулбал айлын ганц охиных шиг л өнгөрсөн дөө. Улсынхаа сургуульд явна, үеийнхэнтэйгээ найзалж нөхөрлөнө. Цасаар байлдаж, жийлцэж тоглоно. Барбитай найзуудтай бол тэднийхээ барбиг харж, хуваалцаж тоглоно. Дээстэнэ, чертадна. Тухайн үеийн хүүхдүүдийн тэр тусмаа охидын бага нас яаж өнгөрсөн, яг тэгж миний бага нас өнгөрсөн.

-Хайрын захиа их авдаг байсан уу?

-Хайрын захиа ерөөсөө авч үзээгүй. Арван жилд байхад надад хөвгүүд хайраа илчилж, "сайн майн" гэж хэлж байгаагүй. Дунд сургуулиа төгссөний дараа арван жилийнхний уулзалт болдог доо. Тэгээд манай ангийнхан уулзлаа. Хэдэн банди харин "Чамд сайн байсан" энэ тэр гээд ярьж байна билээ шүү. "Тэгээд тэр үедээ хэлэхгүй яасан юм бэ?! Нэг ч хөвгүүнээс "Чамд сайн" гэдэг үг сонсолгүй байсаар төгссөн шүү дээ" гэсэн чинь "Чамаас айдаг байсан юм аа" гэдэг байгаа (тун хөгжилтэй инээв). Тэгэхээр ангийнхаа хөвгүүдийг "Чамд хайртай, дуртай" ч юм уу эсвэл "Чамд сайн майн" гэвэл цохьчихмоор, зодчихмоор байсан юм байлгүй. Тэгээд л хөөрхий амьтад надаас үхтлээ айдаг байж л дээ.

-Та загвар өмсдөг, гимнастикээр ч билүү хичээллэдэг байсан гэлүү?

-Тийм, багадаа маш хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бараг бүх юмаар хичээллэнэ. Бүр жаахандаа зургийн дугуйланд явдаг байв. Дараа нь загварын дугуйлан болгож өөрчилсөн. Ээж маань ер нь бага ангиас эхлээд намайг шат дараалалтай бүх дугуйлан секцэнд явуулсан гэхэд болно шүү. Загварын дугуйланд явдаг байхдаа загвар зохион бүтээдэг болоод, дараа нь оёдлын дугуйланд яваад тэрнийгээ оёдог болсон. Сүүлд нь загвар өмсөгчийн дамжаанд явсан. Ингээд зохиосон загвараа оёод, тэрнийгээ өөрөө өмсдөг болчихож байгаа юм. Тэрнийхээ голд бас уран хөдөлгөөнт гимнастик, аэробикийн дугуйланд явсан. Бүр жаахандаа 5-6 настайдаа уран нугаралтаар хичээллэдэг байсан шүү. Миний юу оролдож байгааг ээж маань сайтар анзаарч ажиглаж байгаад л "Энэ ийм юм, тийм юм оролдоод байна. Ийм, тийм дугуйлан секцэнд оруулъя, явуулъя" гээд янз янзын дугуйлан секцэнд их явуулсан даа.

-Ингэхэд яаж яваад жүжигчин болчихов оо?

-Би анх "Зохиомж" дээд сургуулийн олон улсын сэтгүүлч, орчуулагчийн ангид орсон юм. Хичээл ороод хэдхэн хонож байсан үе л дээ. Нэг өдөр сургуулийнхаа нэгдүгээр давхарт Цагааны Цэгмидийн Төмөрбаатар багштайгаа тааралддаг юм байна. Тэгээд гайхаад "Энэ хүн энд юу хийж яваа юм бол?" гэж ангийнхаа хүүхдээс асуусан чинь "Манай сургуулийн жүжиг ангийн багш шүү дээ" гэсэн. Ингээд би ангиа сольсон доо. Ингэж л жүжигчин болох гараагаа эхэлж байлаа. Би багаасаа зурагтаар гардаг, олны танил хүн болно гэж боддог байсан. Телевизийн мэдээгээр дандаа гардаг сэтгүүлч болно гэж бодож байсан хүн чинь жүжигчин бас зурагтаар үргэлж гардаг шүү дээ гэж бодоод л ангиа сольсон юм даг.

-Танай ангиас олны танил жүжигчин хэр олон төрөв?

-"Собит" продакшны жүжигчин Зоригт гэдэг залуу бий. Бас продюсер нь.

-Та ном хэр уншдаг вэ?

-Ер нь ном уншдаггүй, ном уншиж чаддаггүй. Тэгсэн хэрнээ киноныхоо зохиолуудыг байнга уншдаг. Зурганд орохоосоо өмнө зохиолыг нь хэд дахин уншина. Дээрээс нь киноныхоо үеэр зураг авалтынхаа өмнөх орой болгон нь тэр хэсгээ уншина.

-Та нөхрөө танилцуулаач. Нууц биш бол та хоёр яаж танилцсан бэ?

-Нөхрийг минь Адилбишийн Нямдаваа гэдэг. Бид хоёрын танилцсан түүх маш сонин. Манай хүн хамаатны эгчийн маань нөхрийн найз л даа. Тэр хоёр бүр 20 хэдэн жил үерхэж нөхөрлөж байгаа сайхан найзууд. Хамаатны эгчийн нөхөр гадаадад байхдаа найзаараа нэг удаа эхнэртээ цэцэг хүргүүллээ. Тэр найз нь миний ирээдүйн нөхөр болж таарсан. Тэгээд цэцэг хүргэж ирэхэд нь хамаатан эгч, бид хоёр хамт байсан. Тэгж анх танилцлаа гэж бодсон чинь бас үгүй юм билээ. Бид хоёр бүр урьд нь, хүүхэд байхдаа анх танилцсан юм билээ. Нөхрийнхөө нэг найзтай би тулааны урлагаар нэг клубт хамт хичээллэдэг байснаа бүр сүүлд мэдсэн. Найзаар нь дамжуулж бид хоёр хүүхэд байхдаа танилцаж байсан юм билээ. Энийг хувь заяа гэж яриад байдаг юм даа. Бид хоёрын танилцсан түүх бүхэл бүтэн нэвтрүүлэг болох юм аа. Тиймээс ингээд орхиё.

-Ярилцсанд баярлалаа. Ш.Эрдэнэтөр

Эх сурвалж: www.bataar.mn

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ