Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал:Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд шударга өрсөлдөх боломжийг хангахыг шаардаж байна. Хэрвээ сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хууль бусаар сурталчилгаа хийсэн бол тухайн нам эвсэл, нэр дэвшигч нэрээ татах

Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал:

-Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь Сонгуулийн ерөнхий хороонд байдаг. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 50 хоног дутуу байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон нэвтрүүлэг, мөн түүний захиалгат нэвтрүүлэг дөрөвдүгээр сард хоёр удаагийн давтамжтайгаар 16 телевизээр төлбөртэйгөөр нийтэд хүрч байна. Сонгуулийн тухай хуульд зөвшөөрөгдсөнөөс бусад үед сурталчилгаа хийхийг хориглосон. Улс төрийн эрх баригч нам өөрийн давуу байдлыг ашиглан асар их мөнгөөр телевизүүдийг худалдан авч өрсөлдөгч намынхаа эсрэг сурталчилгааг хийж байна. Нэгдүгээрт, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын сонгуулийн жил эхэлсэн. Уг нь Засгийн газрын тэргүүнд хуулиар олгосон цаг гэж байгаа. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүд ч бий.

Та өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа тайлагнаж болно. Гэтэл хажуугаар нь ард түмний дунд байгаа өр зээл, бухимдал, гадаад руу дүрвэж байгаа асуудлаас тэс өөр өрсөлдөгч намаа намнах зорилготой нэвтрүүлэг цацаж байна.

Энэ бүхэн хууль зөрчиж байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байна. Сүүлдээ энэ үйлдэл нь үндэсний эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа болж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд шударга өрсөлдөх боломжийг хангахыг шаардаж байна. Хэрвээ сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хууль бусаар сурталчилгаа хийсэн бол тухайн нам эвсэл, нэр дэвшигч нэрээ татах хүртэл заалт байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ асуудалд анхаарна уу. Энэ байгууллага үүргээ биелүүлэх хэрэгтэй. Нэг нам нь иргэдийн тархи угаах сурталчилгаа хийгээд байвал бусад нам эвсэлд тэгш боломж гарахгүй шүү дээ гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ