Авлига авсан шүүгчийг хөлбөмбөгөөс бүр мөсөн хөөв

Орост болж буй ДАШТ-д ажиллуулахаар сонгож авсан Кенийн шүүгч Айден Рэнж Марваг авлига авсан хэргээр хөлбөмбөгөөс хөөжээ. Тэрээр аварга шалгаруулах тэмцээнд ерөнхий шүүгчийн туслахаар  ажиллах ёстой байсныг Африкийн хөлбөмбөгийн холбооны сайтад мэдээлсэн байна.        

Африк тивийн тэмцээний үеэр Марва 600 ам.доллар авч байгаа нь баримтад киноноос харагджээ. Гана улсын сэтгүүлч Анас Аремеяв Анас энэ киног хийсэн бөгөөд телевизийн ВВС Africa сувгаар үзүүлсэн байна.     

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) ДАШТ-д ажиллуулахаар 100 гаруй шүүгч бэлтгэжээ. Ийнхүү Кенийн шүүгч хахууль авсан хэрэгт орооцолдсон хоёр дахь шүүгч болсон аж.

Үүнээс өмнө Саудын Арабын шүүгч Фахад Аль-Мирдасийг шүүгчийн ажлаас бүр мөсөн хассан байна.Тэрээр үндэсний цомын төлөө тэмцээний шувтаргад ялъя гэвэл мөнгө өг хэмээн нэг багаас шаардсан аж.                                                                                                                                                    

                                                                                            С.Инда

Сэтгэгдэл бичих