Франц, Хорват дээр бооцоо тавья!

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ онцгой сонин үйл явдлуудаар дүүрэн өрнөж байна. Дэлхий хөлбөмбөгийн ногоон дэвжээнд багтаж ,арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэл санаагаа нэгтгэсэн гайхамшигтай тоглолтууд ч болж өнгөрлөө. Эзэн багийнхан болох Оросууд ч маш амжилттай оролцож чадав.

Эдгээрийн нэг жишээ нь ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөхөөр Хорватын шигшээ баг шалгарч үлдсэн нь 1950 оноос хойш хүн ам цөөнтэй, жижиг үндэстэн шалгарсан анхны тохиолдол болж байгаа юм.

Дөнгөж дөрөвхөн  сая хүн амтай, үзэсгэлэнтэй ерөнхийлөгчтэй Хорват улсын шигшээ баг 66.9 сая хүн амтай Францын шигшээ багтай ирэх ням гарагт шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Хорватын шигшээ багийн хувьд  Аргентин, Нигери, Исландын шигшээ хожиж, хэсгээ тэргүүлсэн юм. Хасагдах шатны эхний тоглолтоо Данитай хийж, торгуулийн цохилтоор хожсон. Улмар шөвгийн наймд ОХУ-ын багийг мөн торгуулийн цохилтоор хожиж, шилдэг дөрөвт багтсан юм.

Тэд ийнхүү 53 сая хүн амтай Английг өнгөрсөн шөнө буулгаж авлаа. Мөн өмнөх шатандаа 145 сая хүн амтай ОХУ-ын шигшээ багийг хожсон билээ. Энэ тоглолтууд хүн амын тоо их багаас бус тухайн багийн хичээл зүтгэл, дасгал сургуулилт хэр хангагдсан нь шилдэгт үлдэх боломжтойг харуулж,  дэлхийд , монголчуудад бас нэгэн шинэ мессежийг  өгч чадлаа.

Хамгийн сүүлд 1950 оны ДАШТ-д тухайн үед 2.4 сая хүн амтай байсан Уругвайчууд дэлхийн аваргын цомыг хүртэж байсан юм. Тэр цагаас хойш цөөн хүн амтай жижиг үндэстнүүд ДАШТ-ий шигшээ шатанд хүрч чадалгүй хасагдсаар ирсэн юм.

Улсын их баяр наадамтай зэрэгцэн хойд хөршид болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтууд болж, медалийн төлөө өрсөлдөх торгон агшин ойртлоо. Бүгдээрээ Франц, Хорватын шигшээ багт бооцоо тавьцгаая!  Та Францыг дэмжиж байгаа юу? Харин би Хорватыг дэмжиж байна.