Үлэг гүрвэлийн өмнө нь мэдэгдэж байгаагүй, МАШ ХОВОР ЗҮЙЛИЙГ нээлээ

Шинжлэх ухааны академийн 2020 онд хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна.

Энэ удаа Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
 

ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ӨМНӨ НЬ МЭДЭГДЭЖ БАЙГААГҮЙ, ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МАШ ХОВОР ЗҮЙЛИЙГ НЭЭЛЭЭ
 


 

  • Beg Tse үлэг гүрвэлийн гавлын чулуужсан яс.  Зүүн: Гавлын зүүн талын харагдах байдал. Баруун: Баруун талаас харагдал байдал, зарим ясны тайлбар

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ. Энэхүү судалгааны үр дүн нь олон улсын зэрэглэл өндөр сэтгүүл болох Nature - Communications Biology сэтгүүлд 2020 оны 9-р сарын 10-ны дугаарт хэвлэгдэв. Энэхүү амьтныг Beg tse хэмээн нэрлэсэн бөгөөд эртний Буддын дайны бурхан болох Beg-tse (Бэгз)-ийн хуягтай тус үлэг гүрвэлийн хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь ижилхэн харагддаг юм байна. Beg tse үлэг гүрвэл нь одоогоос 113-94 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тус үлэг гүрвэл нь ойролцоогоор 80 см орчим урттай, өвсөн идэшт үлэг гүрвэл бөгөөд Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг олдворт газраас түгээмэл олддог Protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болж таарч байгаа юм. Энэхүү судалгаанд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач нар болох доктор З.Бадамхатан болон доктор Ц.Чинзориг нар ажилласан байна. Энэхүү ховор олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн Түүхийн Музейн хамтарсан хээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд анх олсон байдаг. Энэхүү олдвор нь 5 жилийн турш судлагдан өнөөдөр үр дүн нь хэвлэгдэн гарч байгаа ажээ. 

410 ОРЧИМ САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ЗАГАСНЫ ШИНЭ ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж Nature - Ecology & Evolution сэтгүүлийн 2020 оны 9-р сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. Энэхүү судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал Коллежийн хамтын ажиллагааны үр дүн хийгджээ. Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.
 


 

  • Minijinia turgenensis хуягт загасны гавалд үүссэн эндохондрол ясны рентген зурагны зүсэлтүүд

Эх сурвалж: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн

Сэтгэгдэл бичих