Япон улсын ахмад настнуудын тоо 36.17 саяд хүрчээ

Япон улсын хүн амд эзлэх ахмад настнуудын тоо хамгийн сүүлийн байдлаар 36.17 саяд хүрчээ. 

Энэ нь жилийн өмнөхөөс 300 мянга орчмоор нэмэгдсэн үр дүн аж. 65 ба түүнээс дээш настай иргэдийн хүн амд эзлэх хувь 28.7 хувьд хүрсэн нь Япон улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Мөн дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Итали улсын хүн амын 23.3 хувийг ахмад настнууд бүрдүүлсэн нь дэлхийд Япон улсын дараа хоёрт орох үзүүлэлт болжээ. Гуравдугаарт 22.8 хувьтай Португаль улс жагссан байна. Хэрвээ хүн амын хөгшрөлт энэ хэвээр үргэлжилбэл 2040 онд 35.3 хувийг ахмадууд эзэлнэ гэсэн тооцоог Японы засгийн газар гаргажээ.


Сүүлийн байдлаар нийт ахмадуудын 15.73 сая нь эрэгтэйчүүд, 20.44 сая нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний хомсдлын улмаас ажил эрхэлдэг өндөр настнуудын тоо сүүлийн 16 жил дараалан өссөн байна. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн насны 8.92 сая ахмад ажил эрхэлж байгаа ажээ.


Ахмадуудыг хамгийн олноор ажиллуулдаг эдийн засгийн салбар нь 1.6 сая ахмад ажилтантай жижиглэн худалдааны салбар, 1.08 сая ахмадтай хөдөө аж ахуй, ой модны аж ахуй болсон байна.

Сэтгэгдэл бичих