Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн зарим холбоотой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо.


Арга хэмжээнд Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын даатгалын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар болон Хорооны зарим газар, нэгжийн дарга нар оролцлоо.


Ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хороо мэргэжлийн холбоодуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж тэлнэ. Үүний нэг илрэл нь энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй үйл явдал.


Өмнө нь мэргэжлийн холбоодуудыг Хорооны холбогдох газар, нэгж нь хариуцдаг байсан бол ажлын албаны бүтцэд энэ жил Санхүүгийн боловсрол, сургалтын албыг шинээр байгуулсан. Ингэснээр мэргэжлийн байгууллагууд нэгдэх, хамтдаа хөгжих, сургалтын нэгдсэн нэг стандарт, нэг үнэлгээтэй болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Цаашдаа ч хамтран хийх ажлууд бидэнд их бий. Иймээс аливаа асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах болно. Хороо бүхий л талаараа дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ онцолж байлаа.


Гэрээг үзэглэснээр Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах зорилгоор даатгалын салбарт ажиллах болон ажиллаж буй нийт ажилтанд зориулсан даатгалын төлөөлөгчийн, зуучлагчийн эрх олгох, мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулахын зэрэгцээ Хорооноос сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

Сэтгэгдэл бичих