“Сэргээн засахын сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

ЭХЭМҮТ, НМХГ-тай хамтран “Сэргээн засахын сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалт ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн сэргээн засах эмчилгээний тасгуудад судалгаа шинжилгээнд тулгуурлан нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт техник технологийг тусламж үйлчилгээнд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга техникийг ашиглан, эмчилгээ оношилгоог багаар хэрхэн үзүүлж байгаа, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн сэргээн засахын сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцах, сувилгааны сайн туршлагыг бусад эрүүл мэндийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдлээ.


Сургалтад нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сэргээн засахын эмч,сувилагч, хөдөлгөөн засалч нар, Мэргэжлийн хяналтын байгууллагын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч нар нийт 70 гаруй хүн хамрагдлаа.


Сургалтыг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг нар нээж, удирдсан. 


Сургалтын хөтөлбөрийн дагуу “Сувилахуйн албаны танилцуулга, сайн туршлага” сэдвээр Сувилахуйн албаны дарга, сувилахуйн ухааны магистр Д. Пүрэвдаваа, “Хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасгийн өнөөгийн байдал, эмчилгээ сувилгааны сайн туршлага” сэдвээр Хүүхдийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны магистр Д.Болормаа, Эх барих эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч О.Амаржаргал, “Сэргээн засахын сувилахуйн тусламж үйлчилгээний байдалд тандалт судалгаа хийсэн дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр НМХГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа нар илтгэл тавилаа. Түүнчлэн хүүхэд болон эх барих эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасагт нэвтрүүлсэн эмчилгээ, оношилгооны шинэ техник технологийн бодит байдалтай танилцан, туршлагаа солилцлоо.


Шинэлэг байдлаар зохион байгуулсан энэхүү сургалт нь Сэргээн засахын сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүн нэг бүрийн мэдэж байх сэдвээр хийгдэж, орчин үеийн шинэ мэдээ, мэдээллээр хангасан, практик ач холбогдолтой болсныг оролцогсод өндрөөр үнэлж, талархлаа илэрхийлсэн ба сургалт тавьсан зорилгодоо хүрч, амжилттай зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл бичих