"Урлагаар анагаахуй" төсөлд “Өнөр бүл” төвийн хүүхдүүд хамрагджээ

Xүний хөгжлийн суурь болсон хүүхэд насанд амьдрах ухаан болон сэтгэлзүйн боловсролыг олгох зорилготой зорилтот бүлэгт чиглэсэн "Урлагаар анагаахуй" төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Орчин үеийн соёл урлагийн цогцолбор /Modern Arts & Cultural center/, Монгол Арт галерей хамтран асрамж халамжийн төвд өсөж буй өсвөр насны хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслаар дамжуулан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэн, амьдрах ухааны боловсрол олгох зорилгоор “Урлагаар анагаахуй” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд арванхоёрдугаар сарын 14,15-нд хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс сонгогдсон 20 хүүхдийг галерейн аялал, амьдрах ухааны боловсрол олгох сургалт, урлагийн сэтгэл засал болон бүтээл туурвих хөтөлбөрт хамруулж байгаа юм.

Төслийн үр дүнд асрамж халамжийн төвд өсөж буй хүүхдүүд зан чанарын төлөвшил, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зөв удирдах, тулгамдсан асуудлыг даван туулах чадвар эзэмшихээс гадна өөртөө итгэх итгэлийг олж авч буйгаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих