ФОТО: Түймрийн улмаас 23 хүн амиа алдаж, хагас тэрбум гаруй ан амьтан устжээ

Австралид гарсан түймрийн улмаас өнгөрөгч оны есдүгээр сараас хойш нийт 23 хүн амиа алдаад байна. Мөн 5,5 сая га талбай шатахын сацуу, 1400 гаруй орон гэр, хагас тэрбум гаруй зэрлэг амьтад шатаж үгүй болжээ.

Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн гал түймэртэй тэмцэх газрын комиссар Шейн Фицсиммонсын хэлж буйгаар өчигдөр нэмэгдсэн галын улмаас олон зуун байшин сүйдсэнээс гадна гал сөнөөгчид бэртэж гэмтсэн гэв. Мөн амиа алдсан хүмүүсийн хоёр нь сайн дурын гал сөнөөгчид байсан ба тэднийг машиндаа сууж байхад дээрээс нь мод хугаран унаж амиа алджээ.

Тус улсын Ерөнхий сайд Скот Моррисон гал унтраах ажиллагаанд 3000 цэргийн хүчийг нэмэлтээр ашиглах болсноо мэдэгджээ. Мөн тэрээр энэхүү гал түймрийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй хэмээн үзэж байгаа аж.  Ард иргэд түүнийг өнгөрсөн сард амралтаа аван гэр бүлээрээ Хавай руу явахад нь ихэд шүүмжлэлтэй хандаж байв. Мөн дорвитой арга хэмжээ авалгүй байдлыг улам хурцатгасан хэмээн буруушаав.

Түүнийг өчигдөр Кобарго хотод очин гал сөнөөгч болон ард иргэдтэй гар барин мэндчилж байсныг ард иргэд шүүмжлэв. Ерөнхий сайд Скот Моррисон "Ард иргэд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж маш их бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид бүгд л адилхан сэтгэл зовниж байгаа шүү дээ. Нөхцөл байдал дээр биечлэн очиж тэдэнд дэмжлэг үзүүлж, ард иргэдийг тайван байлгаж, туслах нь миний үүрэг" хэмээжээ.

Салхины хурд улам нэмэгдэж, гал түймрийн цар хүрээ ихсэхийн хэрээр Австралийн зүүн өмнөд хэсэгт тэнгэрийн мандал улайж харанхуйлжээ.

Зарим бүс нутгуудад цаг агаар ихэвчлэн 40 градус халуун болж байгаа бол Сиднейн баруун хэсэгт 48,9 градус хүрч халсан нь хэсэг хугацаанд дэлхийн хамгийн халуун газар болов.

Австралид гарч буй гал түймрийн талаар товчхон:

  • 23 хүн амиа алдсан
  • 500 сая гаруй ан амьтан устсан
  • 8000 уутат (коала) байвгай устсан (нийт тоо толгойн 30 хувь)
  • 5,5 сая га талбай шатсан
  • 1400 гаруй орон гэр шатсан
  • 10 сая гаруй хүн түймрийн хортой утаагаар амьсгалж байна
  • Австралийн түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна
  • Шинэ Өмнөд Уэльс мужид гурав дахь удаагаа Виктория муж анх удаагаа онц байдал зарлав
  • Олон мянган хүн гал түймрийн улмаас далайн эрэг дээр цугларч хашигдав
  • Хойд Америкийн 39 гал сөнөөгчид гал түймэртэй тэмцэхэд туслахаар Мельбурн хотод ирэв


Эх сурвалж: The Sun, BBC gogo.mn

Сэтгэгдэл бичих