Иран АНУ-ын цэргийн баазад баллистик пуужингийн цохилт өгч, Америк Ойрхи Дорнод руу цэргүүдээ илгээлээ

АНУ болон Ираны хооронд албан ёсоор дайн эхэлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Ираны Исламын хувьсгалт гвард мягмар гаригийн шөнө Ирак дахь АНУ-ын “Ain al-Assad” агаарын цэргийн баазад цохилт өгсөн болохыг “Fars News” агентлаг мэдээллээ. Эх сурвалжуудад дурдсанаар Ираны арми АНУ-ын цэргийн байрлалд 30 гаруй удаа баллистик пуужингийн цохилт өгчээ.  

Ираны тал төрийн мэдлийн телевизээр уг цохилтын хариуцлагыг хүлээхээ мэдэгдээд байна. Тэд уг ажиллагааг “Soleimani Martyr” буюу шашиндаа үнэнч байсныхаа төлөө алагдсан Солеймани гэж нэрлэж байгаа бөгөөд үүнийг АНУ-ын тал өнгөрөгч баасан гаригт Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Генерал Кассем Солейманиг хөнөөсөн террорист үйлдлийн хариу гэж гэж мэдэгджээ.

Пентагоны зүгээс Ирак дахь АНУ-ын “Ain al-Assad” агаарын цэргийн баазад Ираны тал цохилт өгсөн болохыг баталсан. Гэсэн ч одоогоор учирсан хохирлын хэмжээ болон хэдэн хүний амь үрэгдсэн талаар мэдээлээгүй байна. Мөн энэхүү үйл явдлын дараа дэлхийн зах зээл дээрх нефтийн гаралтай бүтээгдэхүүний ханш 4 хувиар өсжээ.

Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Марк Эспэр уг цохилт болохоос хэдхэн хоримын өмнө Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Кассем Солейманиг оршуулах ёслолын үеэр Ираны өөр нэгэн нөлөө бүхий армийн эрх мэдэлтэн болох Генерал Хосейн Салами биднээс хатуу бөгөөд тодорхой өшөө авахаа тангарагласан. Тэд ямар нэгэн байдлаар өшөө авах нь тодорхой. Ираны тал үүнийг өөрсдийн гараар эсвэл тэдний дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлээр үйлдүүлж болно. Тиймээс үүнд бэлтгэлтэй байх ёстой. Манай арми болзошгүй ямар ч нөхцөл байдалд бэлэн байгаа. Хэрэв Ираны зүгээс бидэнд аливаа халдлага хийсэн тохиолдолд бид зохих ёсоор нь шууд хариу өгнө гэж мэдэгдээд байсан юм.   

Энэ бүхний дараа АНУ-ын Хойд Каролина дахь “Fort Bragg” агаарын цэргийн баазаас Америкийн 3500 орчим цэрэг Ойрхи Дорнодыг зорьсон юм. Тэднийг АНУ-ын армийн 82 дахь ерөнхий командлагч хошууч генерал Жеймс Мингус нэр төртэйгөөр үдэн гаргасан бөгөөд тухайн үед цэргүүдээс сэтгэгдлийг нь асуухад “Бид дайнд явж байна гэж хариулсан байна. Пентагоны зүгээс дайчид Кувейт улсад газардах бөгөөд эцсийн зогсоол тодорхойгүй гэх хариу өгсөн юм. Гэсэн ч мэргэжилтнүүд Кувейтэд газардсан 3500 орчим цэрэг хөрш залгаа Ирак дахь цэргийн баазад төвлөрч Ираны баруун хэсэгт цэрэг дайны үйл ажиллагаа эхлүүлнэ гэж таамаглаж байна.  

АНУ-ын Батлан хамгаалах яам 2010 онд Хаити улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр хамгийн сүүлд энэ хэмжээний цэрэг дайчлах шуурхай арга хэмжээг зохион байгуулж байв.

Эх сурвалж: Fars News Agency, Aljazeera, Reuters, CNN  itoim.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

583 - 192.82.77.1882020-01-08 09:43:56

Dain eheljee hoorhii