АНУ ба Ираны хооронд үүссэн хурцадмал байдлыг тайлбарлах 10 ГОЛ ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхий дахин Иранд болж буй зөрчил, мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зохион байгуулсан ажиллагааны үеэр Ираны нөлөө бүхий цэргийн генерал амиа алдсан нь дайран дээр давс нэмж, олон жилийн турш дайсагнасан харилцаатай байсан хоёр улсын нөхцөл байдлыг бүр ч дордуулав. 

Энэ үйл явдлаас үүдэн талууд хэдхэн хоногийн дотор томоохон алхмууд хийж, хоёр улсын удирдагчид ч олон нийтийн сүлжээгээр сануулга өгсөн хатуу мэдэгдлүүдийг гаргаж байгаа юм. Нөхцөл байдал ийн хүндрэхэд нөлөөлсөн чухал үйл явдлуудыг он цагийн дарааллаар хүргэж байна. 

1. Ираны нөлөө бүхий генерал Кассем Солеймани агаарын цохилтын үеэр амиа алдав

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт (1 сарын 3) АНУ-ын армийн зохион байгуулсан агаарын цохилтын үеэр Ираны нөлөө бүхий генерал Кассем Солеймани амиа алдсан юм. Энэ явдлын дараа Ираны шашны тэргүүн Аятолла Хамени орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, АНУ-аас генералын өшөөг авахаа мэдэгджээ. Түүнчлэн оршуулах ёслолын үеэр Солейманий охин Ирак дахь АНУ-ын цэргүүдийг заналхийлсэн үг хэлжээ. Ийнхүү топ генералын амийг хөнөөсөн нь Ирак дахь америкчуудын эсрэг халдлагыг эрчимжүүлж, хоёр улсын харилцаанд хурцадмал байдал үүсгээд байна. 

2. Иракт ажиллаж байсан Америкийн иргэд тус улсыг орхин гарав

АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл гаргаж, Ирантай хөрш зэргэлдээ Ирак улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг нэн даруй тус улсыг орхин гарахыг уриалсан юм. Тус мэдэгдлийн дараа Иракийн Өмнөд хэсэгт орших газрын тосны хот болох Басрад ажиллаж байсан америк иргэд Иракийг орхин гарч эхлэв. 

3. АНУ Ойрх Дорнодын бүс нутаг руу 3,000 цэрэг нэмж илгээв 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ өнгөрөгч бямба гарагт (1 сарын 4) Ойрх Дорнодын бүс нутаг руу 3,000 орчим цэрэг нэмж илгээснээ мэдэгдлээ. 

4. Ирак дахь АНУ-ын элчин сайдын яам пуужингийн цохилтод өртөв 

Бямба гарагийн орой Иракийн нийслэл Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам хоёр удаагийн пуужингийн цохилтод өртжээ. Пуужингийн нэг нь өндөр хамгаалалттай тусгай бүсийн гадаа, нөгөө нь дотор талд туссан гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

5. Иран ямар нэгэн халдлага үйлдвэл Ираны 52 чухал цэгт цохилт өгнө гэж Дональд Трамп мэдэгдэв


"Иран улс террорист удирдагчийнхаа үхлийн хариуг авна гэж тун зоримогоор мэдэгдэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргээндээ дурдаад, хэрэв Тегеран ямар нэг халдлага үйлдвэл Ираны 52 чухал цэгт цохилт өгнө гэх хатуу мэдэгдэл хийжээ. Эдгээр цэгүүдийн дунд Ираны түүх соёлын дурсгалт газрууд багтаж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ байр сууриа тууштай хадгалж, жиргээ бүртээ дахин давтан сануулж байна. 

6. Ираны Мэдээлэл, харилцаа холбооны сайд Трампыг Гитлер, Чингистэй адилтгав

Ираны Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд Мохаммад Жавад Азари-Жахроми Трампын мэдэгдлийн хариуд “Исламын Улс, Гитлер, Чингис! Тэд бүгд соёлыг үзэн ядагчид байсан. Трамп бол хослол өмссөн террорист. Аугаа Иран үндэстний соёлыг хэн ч устгаж чадаагүй гэдгийг тэр түүх уншвал ойлгоно” гэжээ. 

7. Иракийн парламент АНУ-ын цэргийг нутгаасаа гаргахыг дэмжив 

Иракийн парламент өнгөрөгч ням гарагт (1 сарын 5) газар нутгаасаа АНУ болон бусад улсын цэргийг гаргах тогтоолыг хэлэлцэж, дэмжив. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп Иракийн нутаг дэвсгэрт байрлаж буй АНУ-ын цэргийг гаргавал эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна. 

8. Иран улс 2015 оны цөмийн хэлэлцээрийг хэрэгсэхгүй болгов 

Ираны засгийн газар 2015 оны цөмийн хэлэлцээрээр тогтоосон уран баяжуулах хязгаарыг хэрэгсэхгүй болгосноо мэдэгдлээ. Ираны эрх баригчид цөмийн технологийн асуудлаар НҮБ-тэй үргэлжлүүлэн хамтарч ажиллах хэдий ч уран баяжуулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна. АНУ Иранд тавьсан хоригоо цуцалсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээж буй. 

9. Олон улсын удирдагчид зөрчлийг дипломат яриа хэлэлцээрээр шийдвэрлэхийг талуудад уриалав

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй их гүрний удирдагчид зөрчлийг дипломат хэлэлцээрээр шийдвэрлэхийг АНУ болон Иран улсад уриалж байна. 

10. Иран улс Ирак дахь АНУ-ын хоёр цэргийн бааз руу пуужин харважээ 

Хэдхэн цагийн өмнө Иран улс Ирак дахь Айн Ассад агаарын бааз, Эрбилийн цэргийн бааз руу тус бүр хэдэн арван пуужин харвасан байна. Анбар мужид орших Айн Ассад агаарын бааз нь Ирак дахь хамгийн эртний бөгөөд том цэргийн бааз юм. 2003 онд Саддам Хусайны дэглэмийг унагах дайны үеэр, 2014-2017 оны хооронд Исламын улс бүлэглэлтэй тэмцэх үеэр АНУ-ын цэрэг энд байрлаж байжээ. 

Хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэлэх байсан ч мэдэгдэл хойшлогдсон гэж Цагаан ордоноос мэдээлжээ.

ublife

Сэтгэгдэл бичих