Жюү жицүгийн УАШТ энэ бямба, ням гарагт болно

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням гаригт буюу 2020.01.11-12-нд Спортын төв ордонд болно. Энэ удаагийн УАШТ-ий техникийн зөвлөгөөн баасан гарагт явагдаж, албан бус жин хяналт маргааш явагдах бол албан ёсны жин үзлэг нэгдүгээр сарын 11-нд болно. Нээлтийн ёслол бямба гарагийн 15 цагт болох бөгөөд ОХУ-аас 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн холбоо АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа УАШТ-ийг нээлттэй зохион байгуулах болсон. Энэ нь Монголын тамирчдын ур чадвар, чансааг шалгахаас гадна гадаадын тамирчдаас туршлага хуримтлуулах боломжтой.

Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Энэ оны гурав дахь улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү жюү жицүгийн спортын төрлөөр үргэлжлэх нь. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээн насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн ангилалд жин болон бүсний ангилалуудаар явагдана.

Энэхүү УАШТ-д 3 орны 38 байгууллагын 753 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээний шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол ням гарагт болох юм.

Сэтгэгдэл бичих