Т.Ганболд: Манай намыг бүртгэхгүй бол сонгуульд өрсөлдөх өөр гарц хайна

"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд улс төрд орохоор шийдэж, намаа бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан боловч хоёр ч удаа татгалзсан хариу сонсоод буй. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 15-нд нам байгуулах хурлаа хийхээр төлөвлөсөн бөгөөд улс төрд орох болсон шалтгаанаа хөгшин, залуу хамаагүй зөв бодолтой, зөв хүнийг улс төрд орох гишүүр нь болох хүсэлтэй холбоотой гэсэн юм. Ингээд Т.Ганболдтой хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.


-Улсын дээд шүүхээс Монголын Үндэсний сэргэн мандлын намыг улсын бүртгэлд бүртгэхээс хоёр ч удаа татгалзлаа. Шалтгааныг нь юу юм бол?

-Олон таамаглал байна. Шаардсан шаардлагыг нь биелүүлээд л байгаа. Хамгийн сүүлийнх нь хуралдаанаар 801 гишүүний гарын үсэгтэй баримт шаардлагатай гэж үзсэн. Тиймээс нам үүсгэн байгуулах хурлыг ирэх гуравдугаар сарын 15-нд дахин хуралдуулахаар товлосон. Зарим нь нэг их удахгүй бүртгүүлчих л юм. Гэтэл зарим нь мэргэжлийн өндөр ур чадвартай хуульчдыг хөлслөөд ч хана мөргөчих юм. Ямар ч учиртай юм бэ, бүү мэд.  

-Та сонгуульд өрсөлдөх сураг байсан?

-Тийм санаа бий. Уг нь бол улс төр, сонгууль энэ тэр гэж гүйх сонирхол үнэндээ алга. Харамсалтай нь, мөрөөрөө ажлаа хийгээд амьдрах боломж алга байна шүү дээ. Энэ улс төрд юу болж байгааг харж байгаа биз дээ. Мануус нь ч яахав гэж бодъё. Таван цаастай юм гэж бодтол үр хүүхдээ өсгөх гээд өглөөнөөс үдэш болтол ажиллаж байгаа мянга мянган залуус байна. Тэдэнд өнөөдрийн энэ нийгэм шударга санагдаж байгаа гэж бодож байна уу, үгүй байх аа. Хөгшин, залуу гэлтгүй зөв бодолтой хүмүүсийн улс төрд орох замыг нь зааж өгөөд, дэд бүтэц нь болчих юмсан гэсэн бодол байна. Түүнээс биш сонгуульд өрсөлдөж, улс төрд орно гэдэг чинь асар их зардал мөнгө шаардана шүү дээ.

-Тан шиг тогтсон бизнестэй хүн бизнесэээ эрхлээд явбал амар биш үү?

-Мэдээж тэр нь амар. Гэтэл өнөөгийн нийгмээ хар л даа. Би ганцаараа биеийн амрыг хараад сууж болно. Гэвч тэгэх ямар ч сөхөө өгөхгүй байна шүү дээ. Улс төрд орлоо гэхэд миний бизнес алдагдал хүлээх нь ойлгомжтой. Бизнесийн ашгаа бодож болно. Гэтэл би Монгол Улсын иргэн хүн биз дээ. Энэ нийгэмд ганцаараа амьдраагүй шүү дээ.

-Танай намыг бүртгэхгүй бол ямар сонголт хийх бэ?

-Өөр чиг баримжаагаар улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нам олон байгаа. Тэдний аль нэгээс нэр дэвших байх.

-Та өмнө нь МАН-ын гишүүнчлэлтэй байсан байх аа?

-Тийм. МАН-ын гишүүнээр 10 жил болсон.

-МАН руугаа эргэж орж магадгүй гэсэн үг үү?

-За даа, юу л бол. МАН юу гэж амалж байлаа. Нийгмийн хүлээлтийг биелүүлж чадсан гэж чи бодож байна уу?

-Сайн хэлж мэдэхгүй байна.

-Чи иргэн хүн биз дээ.

-Миний гэхээсээ илүүтэй таны байр суурийг сонсох гэсэн юм?

-МАН Сүхбаатарын талбай дээрээс амалсан амлалтаа биелүүлээд ард түмэн сэтгэл ханамжтай байна гэж та бодож байна уу. Энэ асуултын хариултыг өөрөөсөө хайгаад үзээрэй. Монголчууд бүгдээрээ хайгаад үзээрэй. Тэгсэн цагт яагаад намайг улс төрд орох болсон шалтгааныг ойлгох болов уу.

-Улсын Ерөнхий прокурор, Хуулийн сайд асан Д.Дорлигжав өөрийн дүүгийн компанийн дансаар дамжуулж таниас дөрвөн сая ам.доллар шилжүүлж авсан гэдэг асуудлаар шалгуулсан. Гэтэл АТГ-аас хэрэгсэхгүй болгох саналаа хүргүүлсэн байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-АТГ-аас хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Харин прокурор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

-Энэ асуудал яаж шийдэгдэх бол. Та юу гэж бодож байна. Д.Дорлигжав прокурор тантай холбогдсон уу?

-Мэдэхгүй ээ. Би өөрөө элдэв хүнтэй холбогдогдох гэж гүйхгүй юм. Хэрэг яаж шийдэгдэх нь хуульд тодорхой заачихсан байгаа шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг далайлган сүрдүүлж, дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар яллах ёстой. Дээр нь банкны эзэн ах, дүү нартай хамтарсан гэхээр бүлэг хэрэг юм шүү дээ. Түүнээс авлига, албан тушаалын хэрэг гэж хараад байх юм. Зөвхөн энэ биш. Хахууль гэдгийг бүгдээрэ ойлгоно биз дээ.

-“Алтан Дорнод Монгол” компани өнөөдөр ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас болж эзэн нь 2007 онд хаяж зугтаасан. Үүний дараа нь 2011 онд би худалдаж авсан даа. Худалдаж аваад өр төлбөрийг нь дарж, нөхөн сэргээлт хийсэн. Одоо ямар ч өр төлбөргүй болсон. Үйл ажиллагааны хувьд зогсонги байдалтай байгаа. Өмнөх Орос эзний үед алт ухдаг байсан. Миний үед энэ бүхэн цэг тавигдсан. Би газар шороогоо ухахыг хүсэхгүй байна.

-Таныг ямар эд хөрөнгөтэй вэ гэдгийг зарим хүн мэдэх байх. Гэхдээ сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүнийхээ хувьд ямар орлоготой вэ гэдгээ хэлж болох уу?

-Би 30 жил бизнес хийлээ. Багаас нь эхлээд өнөөдрийн бүх зүйлээ босгосон. Корпорэйт гээд зочид буудал байна, миний хөрөнгө оруулалтай мэр сэр барилга, байгууламж бий. Ийм л байх шив дээ.

24tsag.mn  Г.Нацаг-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих