"Голланд өвөө", монгол эхнэрийн хамтаар хоёр, хоёр жилийн ял авлаа

Зургийн тайлбар: "Гэрийн хорооллын голланд өвөө" Фройт Вандерхарст өөрийн цахилгаанаар халдаг байшингийн тухай n24.mn сайтад ярилцлага өгөхдөө энэхүү зургийг авахуулжээ 

 

Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Б.Ганболор нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи борлуулсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар хэлэлцэн ял шийтгэлээ.

Вандэр Харст Фридтжофыг олон удаагийн үйлдлээр шуудангаар дамжуулан Нидерландаас "ЛСД" хэмээх мансууруулах бодисыг Монгол Улсад нэвтрүүлэн борлуулж байсан бөгөөд эхнэрээрээ дамжуулан Э.Бархаст, Т.Осорсүрэн нарын тусламжтайгаар бусдад худалддаг байсныг 2017 оны аравдугаар сард тухайн үеийн ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн, гар хөл бологчид нь бусдад худалдаж байх үйлдэл дээр нь саатуулсан юм.

Зургийн тайлбар: Нидерланд улсаас олон улсын шуудан илгээмжээр удаа дараа авч байсан "ЛСД" хэмээх "марк"-ийг тэрээр эхнэрийн хамтаар нэг бүрийг 120 000 төгрөгөөр монголын хүүхэд, залууст борлуулдаг байжээ

Шуудан илгээмжээр хүлээн авсан "марк" хэмээх мансууруулах бодисоо тэд нэгийг нь 120 000 төгрөгөөр борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд ЛСД-гээс гадна каннабис түүж бэлтгэн борлуулсан нь ч цагдаагийнхны шалгалтаар тодорхой болсон юм. Хоёр жил гаруйн өмнө илэрсэн уг хэргийг яллагдагч Вандэр Харст Фридтжоф, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Яллах дүгнэлтийг голланд хэл рүү хөрвүүлэх, ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй” гэх байдлаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байснаас шүүх шийдэж чадалгүй өдий хүрсэн байна.

Зургийн тайлбар: "Голланд өвөө" өөрийн гараар Дарханд тарьж ургуулсан өвсөө уутлан, уутан дээр "М" үсэг цохон "брэнджүүлж", чатаар болон амьд хөгжмийн баар, олон нийтийн газруудад 5000 төгрөгөөр борлуулдаг байв 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15-ны 09.00 цагт уг хэргийг хэлэлцэж эхлээд 20.00 цагийн үед шийдвэрээ танилцуулав. Нидерландын иргэн Вандер Харст Фридтжофыг Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, худалдсан гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял шийтгэхээс гадна 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Түүний эхнэр Б.Ганболорт хоёр, тэднээс худалдан авч, борлуулахыг завдсан Т.Осорсүрэн, Э.Бархас нарт тус бүр нэг жил хорих ял шийтгэсэн байна.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Санчир - 202.55.188.344 цагийн өмнө

Энэ иим хэргиин ял уу

нэр - 202.21.108.15813 цагийн өмнө

манайхаас өөр ийм хуультай улс байхгүй байхаа,одоо ч манайд шавах байхаа,хүүхэд залуус минь хайран бн

Fuck - 66.181.161.3813 цагийн өмнө

Шийтгэл нь багадсан байна шүү дээ өөр улсад бол цааз эсвэл бүх насаар