М.Буянбадрах: Хазара үндэстний дунд дөрвөн хоног амьдарсан

Бид таныг нэгэн сонирхолтой эрхэмтэй сониныхоо хуудсаар дамжуулан “уулзуулах” гэж байна. Тэр бээр олон тодорхойлолтын эзэн. Нэгдүгээрт, “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд дэлхийгээр тархсан монгол угсаатнаа эрж хайж, 10 гаруй баримтат киног бүтээсэн. Хоёрдугаарт, Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай “Хүрээлэн” төслийг хэрэгжүүлж, үүгээрээ мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжигч “Балдорж сан"-гийн 2019 оны Гранпри буюу Шилдгийн шилдэг сэтгүүлч. Гуравдугаарт, тэрээр манай сонины ахмад сэтгүүлч, доктор Д.Мархаахүүгийн хүү. Аав шигээ сэтгүүлч болох мөрөөдөл нь “Улаан од” сонины редакцаас эхлэлтэй гэдгээ нэрээ мэдэлцэж уулзсан даруйдаа онцлон хэлнэ лээ. Ингээд сэтгүүлч М.Буянбадрахтай элэг нэгт хазарачуудын тухай ярилцсанаа хүргэж байна. Дүгнэлтийг өөрт тань үлдээе.
 
Та “NTV” телевизийн “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд дэлхий дээр тархан суурьшсан монгол үндэстнүүдийн тухай цуврал баримтат нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцнээ бэлтгэн гаргасан. Энэ дундаас хамгийн онцгой санагдсан нь хазарачуудын тухай юм ...
 
-Монголчууд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн үндэстний нэг. Тэртээх түүхийн цаг үеэс дэлхийн олон оронд тархан суурьшсан их үндэстний бага хэлтэрхийг сурвалжлах нь “Дэлхийн монгол айл” төслийн гол зорилго байсан юм. “Бид хэдүүлээ вэ?”, “Бидний элэг нэгтэй монгол үндэстнүүдийн өв соёл, уламжлал ямар бол ...” гэдэгт хариулт олох гэж “NTV” телевизийн “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд Д.Сайнбаяр, М.Уламбадрах, Г.Батболд гээд хэсэг нөхдийн хамт дэлхийгээр тархсан монголчуудын тухай 10 баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, 10 улсад очиж ажилласан гэсэн үг. Үүний нэг нь таны асуусан хазарачууд байсан. Энд нэг зүйлийг онцлоход “Хазара нь монгол үндэстэн мөн, биш” тухай яримааргүй байна. Зөвхөн нэвтрүүлгийнхээ хүрээнд ярих нь зохимжтой байх. Яагаад гэвэл “Хазарачууд монгол үндэстэн биш гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг учраас тэдэнтэй маргаан үүсгэмээргүй байна. Түүх судалсан ч тэр, судлаач, эрдэмтдийн судалгаагаар ч монголоос угшилтай гэж үздэг учраас энэ хүрээнд баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн төдий. Тэгэхээр зөвхөн нэвтрүүлгийн хүрээнд ярилцах уу?
 
Тохирлоо ...
 
-Энэ тухай бяцхан дурсамж дэлгэхэд, манай багийнхан эхлээд Хөх нуурын монголчуудын тухай нэвтрүүлэг бэлтгэж, аян замын тэмдэглэлээ өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд хэвлүүлсэн юм. Аян замын тэмдэглэлийн төгсгөлд эрхэм анд Д.Болдхуяг “Хэзээ чи Афган руу явж “хамаатнууд"-тайгаа уулзах гэж байна вэ” гэсэн асуулт тавьж, хариултыг нь ч сийрүүлэн нийтэлсэн байв. Гэтэл энэ нийтлэлийг уншсан Ганбаа гэдэг залуу бидэнтэй холбогдлоо. Өөрөө Афганистан явах мөрөөдөлтэй, тэнд байгаа хазара иргэдтэй харилцаа холбоотой байдаг юм байна. Ойр дотнынхон нь ч “Афган” Ганбаа гэж хочилдог гэнэ. “Афган” Ганбаагийнхаа ачаар бидэнд хөтөч хийх нэгэн хазара залуутай интернэтээр холбогдсон нь Хуссейн. Англи хэлтэй. Мэдээж манай багийнханд Афганистан орох зам дардан байгаагүй. БНХАУ-ын Бээжин хот дахь ИБНАУ-ын Элчин сайдын яамнаас визээ авах гэж "бөөн ажил" болсон. “Баримтат киноны ажлаар явна” гээд хэлчихсэн чинь “Хэдэн сараар судална” гээд сүйд болов. “Буруу ярьчихжээ” гэж учирлаж хэлээд ч ойлгодоггүй. Аз болоход Гадаад харилцааны яамны нот бичиг авч явсан маань их хэрэг болсон шүү. Ингээд Энэтхэгээр дамжин Кабул хотод ирэхэд интернэтээр холбогдсон эчнээ танил Хуссейн “Сайн байна уу” гээд биднийг угтлаа. Бидний зорьж ирсэн хазара ард түмний анхны төлөөлөгч нь тэр. Хазара түмний талаар олж авсан хамгийн анхны мэдээлэл нь үндэсний цөөнх, бас шашны цөөнх гэдэг мэдээ.

     Афганистаны 40 хувь нь паштун, 25 хувь нь тажик, 20 хувь нь хазара, зургаан хувь нь узбек, үлдсэн хэсэг нь олон отог омгийн үндэстэн байдаг тухай Хуссейн бидэнд танилцууллаа. Харин шашны тухайд Афганистаны 84 хувь нь исламын шашин, 15 хувь нь шиа буюу шийт урсгалыг дагадаг гэнэ.

 Хазара нарын тухай аль ч эх сурвалжийн мэдээнд хазара хэмээх перс үг нь мянга гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Чингис хааны их цэргээс энэ хавийг харгалзан үлдсэн нэг мянгатын тухай яриагаар үргэлжилнэ. Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын 1922 онд хэвлүүлсэн “Чингис хаан” номонд ч их хаан Туркестан, Афганистан, Персийг захирч байсан Хорезмын шах Мухамедыг 1219-1222 онд хиар цохиод төрсөн нутаг руугаа буцахдаа эзэлсэн газартаа хэсэг цэрэг үлдээсэн тухай өгүүлдэг. Зөвлөлтийн цэрэг Афганистанд дайтаж байх үед нутгийн коммунистууд буюу Афганистаны Ардын ардчилсан намын Төв хорооноос орос генералуудад зориулан гаргасан товхимолд ч “Хазарачууд бол 13 дугаар зуунд ирж суурьшсан Монголын байлдан дагуулагчдын үр удам бөгөөд хүн амын тоогоор гуравдугаарт ордог угсаатны бүлэг болно” өгүүлсэн байдаг талаар хазара нөхөд маань ярьж байна. Ингээд олон улсын байгууллагуудад ажилладаг хазара нөхдийнхөө тусламжтайгаар Кабул хот болон хазарачууд олноороо амьдардаг Бамиян мужид ажилласан даа.
 
Бамияны хазарачуудын олонх нь агуйд амьдардаг тухай таны нэвтрүүлгээр гарсан ...
 
-Бамиян явахаар үүрээр бослоо. Газар хол, зам бартаатай, бас зам зууртаа паштун нарын амьдардаг тийм ч тайван бус нутгаар дайрах тул эртэлсэн хэрэг. Гадаа биднийг авч явахаар Халифа хэмээх хазара жолоочтой “Тоёота” микро автобус зогсож байна. Афганистанд жирийн автомашин олно гэдэг амаргүй. Монголын хээр хөдөө тааралдах баргийн нэг овооноос сүртэй гээд хэлчихэд залсан хэрэг болохгүй. Олонх микро автобус чанга яригчтай, ихэнх нь шашны уриа бүхий том ногоон туг дэрвүүлж, хүний нүд торох газар болгонд нь цацаг, жинс сагсайлгаж, наалт зүүлт гялалзуулдаг юм билээ. Манайд сонгуулийн үеэр л нэг иймэрхүү машинууд хөлхдөг биз (инээв). Бамиян мужийн төв нь Кабулаас чанх баруун хойшоо шулуун явбал 125 километр. Уулын замын нугачааг тойръё гэвэл 200 километр зайтай. Зам тун муу учраас 10 гаруй цаг сэгсчүүлж явсаар Бамиянд иртэл жагсаал болж байв. Гаазын зурваст болж буй Израиль-Палестины мөргөлдөөний тухайд байр сууриа илэрхийлж, 20 хүрээгүй залуус голдуу 200 орчим иргэн уриа, лоозон болчихсон төв гудамжаараа жагсаж байх нь тэр. Хэдийгээр цагийн байдал харьцангуй сайжирч байсан ч иймэрхүү жагсаал, цуглааныг жагсагчдаасаа олон буутай цагдаа нар харгалзчихсан явдаг юм билээ. Хамгийн олзуурхууштай нь биднийг очдог 2009 онд Бамиян мужийн Засаг дарга нь эмэгтэй хүн, тэр тусмаа хазара бүсгүй байсан. Энэ улсад хамгийн хол сонсогддог “Эмэгтэй хүн”, “Хазара” гэдэг үгийг нэгтгэж, өндөрт өргөсөн бодит жишээ болохоор бас л сайхан санагдаж байсан шүү. Бид зорьсон газраа очлоо. Тэр нь Бамиян мужийн хойд уулын энгэрт хүн төрөлхтний соёлын өв болон гайхагдаж байсан Бурхан Буддагийн чулуун хөшөөний ором. Зураглалаа ч авлаа. Уг нь тэр оромд 53 болон 35 метрийн өндөртэй хоёр чулуун бурхан байсан юм билээ. Эрдэмтдийн тооцоолсноор 1500-2000 жилийн настай. Харамсалтай нь, талибууд “Хазара хүнтэй адилхан байна” гэж шалтаглан их буу, танкаар нураасан гэдэг. Биднийг очиход чулуун бурхад байсан газрыг хашаалж, хамгаалалтад авсан байсан бөгөөд их бууны суманд хэдэн хэсэг болсон үлдэгдлийг баглан боосон байв. Япончууд эргүүлэн эвлүүлэх гэж оролдож байгааг ч хазара нөхөд маань хэлэв. Мэдээж таны асуусанчлан Бамиян мужийн элгэн улаан уулын энгэрт газар нүхлэн шавар оромж хийгээд хазара нар амьдарна. Энд цахилгаан гэж юу ч байхгүй. Идэр насны эрчүүд цөөрсөн нь илт.
 
  Эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид голдуу юм. Манай нэвтрүүлгийн багийнхны хазара иргэдийн төлөөлөл болгон гаргасан Хөди Доди нь энэ нутгийн жирийн нэгэн эр. Шоронд байхад нь талибууд ахыг нь хөнөөчихсөн гунигт түүхийн эзэн. Шоронгоос гарч ирээд заншил ёсоор бэргэн эгчийгээ гэргий болгон авч суусан, өнөр өтгөн гэр бүлээ тэжээх үүрэгтэй залуу.
    
     Тэрээр зундаа хот руу орж хөлсний ажил хийж, хураасан мөнгөөрөө ам бүлээ тэжээнэ. Биднийг очиход түүний эхнэр гол дээр юм угаахаар явсан байв. Энд эмэгтэйчүүдийн хувьд гол дээр юм угаах гэдэг нь утас, зурагт, сонин хэвлэл, театр, интернэт зэрэг олон харилцаа холбоог орлодог нь тодорхой харагдана лээ.
 
  Аж төрөх ёс нь онцгой санагдсан ...
 
-Тийм ээ. Нэгд, хөгжил, хоёрт шашнаас шууд хамаарч байгаа биз. Хазара үндэстэн зөвхөн Афганистанаар хязгаарлагдахгүй. Пакистан, Иранд ч цөөнгүй амьдарч байгаа. МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Оюунчимэг Пакистанд байгаа хазарачуудын талаар нэвтрүүлэг очиж бэлтгэж байсныг тод санаж байна. Уг нь Афганистанд очдог гаднын хэвлэлийнхэн хамгаалалтын баг авдаг юм билээ. Бид яах вэ дээ, омголон залуу ч явцгааж, юун хамгаалалт. Гэхдээ би танд 10 жилийн өмнөх зүйлийг ярьж байгааг ойлгоорой. Одоо бол хазарачуудын цагийн байдал харьцангуй сайжирсан тухай гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж байна.
 
Та нар Афганистанд хэд хоносон бэ?
 
-Дөрөв. Хамгийн чухал нь энэхүү аяллын дараа манай багийн гишүүн Д.Сайнбаярын санаачилга, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Афганистанаас анх удаа гурван хазара монгол оюутан МУИС-д суралцсан.
 
Харин өдгөө та “Хүрээлэн” төслөөрөө эх орныхоо үзэсгэлэнт газруудыг тольдон үзүүлж байна. Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарсан байсан ...
 
-Би эрж хайхын зовлонтой хүн. Дэлхий дээрх монголчуудынхаа тухай нэвтрүүлэг бэлтгээд дууссаны дараа 2013 оны намраас эх орныхоо онгон байгаль, үзэсгэлэнт газар нутаг, ховор ан амьтан, жигүүртэн шувуудын талаарх нэвтрүүлгийг хэсэг нөхдийнхөө хамт бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол оронд тэмдэглэгдсэн 138 зүйл амьтны 70 орчмыг, 500 орчим зүйл шувуудын 200 гаруйг, 22 зүйл мөлхөгчийн 8, зургаан зүйл нутагтны бүгдийнх нь гэрэл зургийг авсан байна. Жилийн дөрвөн улиралд цастай, бороотой, шуургатай, нартай олон өдөр хоногуудыг хээр хөдөө өнгөрүүлж дээ. Мориор, онгоцоор, завиар, тэмээгээр, явганаар ч их явлаа. Мөн монгол адууны талаар нэвтрүүлэг бэлтгэх гэж ОХУ, БНСУ, Вьетнам улсад очиж байлаа. Дайны жилүүдэд эдгээр оронд монгол адуу очсон түүх байдаг учраас тэр. Энэ нэвтрүүлгээ хараахан гаргах болоогүй.

 
 
Та манай цэргийн нэрт сэтгүүлч Д.Мархаахүүгийн хүү. Тиймээс цэргийн сонин таны эчнээ танил бөгөөд уншиж өссөн хэвлэл нь гэж ойлгож болох уу?
 
-Тэр мэдээж шүү дээ. Миний аав 1980-аад оноос “Улаан Од” сонинд сурвалжлагчаас хэлтсийн дарга, орлогч эрхлэгч хүртэл дэвшин ажилласан. Б.Чантуу, А.Баярмагнай эрхлэгчийн оргил үед гэж хэлж болно. Манай аавын гараас Т.Ганди, Ц.Элбэгдорж, Л.Төрбаяр, Л.Зоригт, С.Баярмөнх, Б.Эрдэнэбат, П.Батнайрамдал гээд олон нэртэй сэтгүүлчид төрөн гарсан байдаг юм. Сайн сэтгүүлч төрүүлэхийн төлөө махран зүтгэсэн хүн дээ. Өөрөө ч гайхамшигтай олон нийтлэлийг бичсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай хамгийн анх дуугарсан хүн нь миний аав. Түүх, шашин, нийгмийн шинэчлэлийн тухай бичсэн олон даацтай нийтлэлүүд нь одоо ч надад бий. Тэр үеийн “Улаан од” хэдийгээр цэргийн сонин ч гэсэн нийгмийн салхийг сэвэлзүүлсэн, ардчиллын үүр нь байсан юм. Энгийн уншигчдад хэрэгцээтэй чухал мэдээлэл энэ л сонины хуудаснаа хэвлэгддэг байлаа шүү дээ. Өдгөө аав минь 70 гарчихсан сайхан буурал бий.
 
 
 
 
 
 
 
дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 103.229.122.150Өчигдөр

Мархаахүү гуай чинь Хөвсгөлийн Цагаан-Уулын хотгойд байх хэрэв андуураагүй бол