“Аавуудын” группийн аминчхан яриа

Олон нийтийн сүлжээнд нэгдэн нийлсэн сонирхлын бүлгүүдээс нийгэмд тустай элдэв санаачилга гарч, бодит амьдралд биеллээ олсон нь цөөнгүй. Тухайлбал, шинэ оны босгон дээр тархины саажилттай н.Билэгсайхан хүүг орон сууцтай болгосон сайн санаат залуусын нэгдэл, зургаан хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн Г.Эрдэнэчимэг бүсгүйг гэр оронтой болгосон “Маргааш үргэлжлэх зүрх” зэрэг сайн үйлсийн аяныг дурдаад дуусахгүй.


Тэгвэл сошиал орчинд чамгүй идэвхтэйд тооцогддог 84 мянган гишүүн бүхий “Аавуудын групп”-ээс нэгэн сонирхолтой санаачилга гаргасан нь олны анхаарлыг татаад байна.


Тодруулбал, группийн гишүүн бүр сар тутам мянган төгрөг хандивлах замаар тухайн сард 84 сая төгрөг цуглуулах аж.



Аавуудын санаачилга бодит амьдралд биеллээ олох үгүй нь тодорхойгүй ч сайхан сэтгэл, сайн менежментээр амжилтад хүрэх боломжтой.


Цугласан 84 сая төгрөгөө өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй аавууддаа хандивлах байдлаар орон сууцтай болох боломж олгох гэнэ.


Энэ хүрээнд группийн гишүүдийн зүгээс олон арван санал санаачилга гарч байгаа бөгөөд эхний ээлжинд нийт гишүүдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, ахуй амьдралыг нь тандах аж. Улмаар сонгогдсон аавуудын дунд сугалаа явуулж, олон аавын сайхан сэтгэлээр орон сууцтай болох азтанаа тодруулах гэнэ.


Группийн зарим гишүүд заавал нэг хүнийг байртай болгох бус хэд хэдэн хүнд орон сууцны урьдчилгаа байдлаар олгох боломжтой гэж үзэж байхад “Заавал мянган төгрөг гэлгүй сар бүр 10 мянган төгрөг ч хандивласан болно” хэмээх нэг нь ч байна.


Тэр ч бүү хэл барилгын компаниудтай хамтран ажиллах байдлаар эл санаачлагаа өргөжүүлэх, уламжлал болгон явуулах, сар бүр нэг айлыг орон сууцжуулах боломжтой хэмээж байна. Аавуудын санаачилга бодит амьдралд биеллээ олох үгүй нь тодорхойгүй ч сайхан сэтгэл, сайн менежментээр амжилтад хүрэх боломжтой. 


Гэрэлчулуун Жамц

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл бичих