Маэгашира Токушёорюү түрүүлж,Кирибаяма тусгай шагнал хүртэв

                Токио хотод хагас сар үргэлжилсэн Хацу башёгийн дээд зиндаанд баруун жигүүрийн маэгаширагийн 17 дахь бөх Токушёорюү 14 даваа,нэг унаатайгаар түрүүллээ.Тэмцээний 14 дэх өдөр нэг унаатайгаар цугтаа тэргүүлж явсан маэгашира Шёодайг ялж,түрүүлэх замаа зассан тэрээр сүүлийн өдөр озэки Такакэйшёог барьцгүй түлхэн давсан юм.Хэрвээ тэр унасан бол Шёодайтай нэмэлт барилдаан хийх байв.Урьд нь жонокүчи,санданмэ,жюүрёод түрүүлж байсан 181 см,188 кг,33 настай Токушёорюү 2013 оны долдугаар сард дээд зиндаанд анх дэвшсэн бөгөөд 171 давж,204 унаад байна.Харин мэргэжлийн сумод 437 ялж,410 ялагджээ.Түүнээс өмнө дээд зиндааны хамгийн дор эрэмбэлэгдсэн бөх түрүүлсэн амжилтыг Такаторики 2000 оны нэгдүгээр сарын тэмцээнд үзүүлж байв.             


Манай бөхчүүдийн хувьд  Кирибаяма Б.Лхагвасүрэн  Чиёмаруг окуридашигаар,Тамаваши Б.Мөнх-Оргил Ишиураг ошидашигаар давж,Азумарюү С.Тодбилэг Окиноумид ёрикиригээр унан,Хацу башёг дуусгалаа.Азумарюү өрсөлдөгчөө ялсан бол 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх байсан юм.Кирибаяма 11 давж,дөрөв унасан бол Тамавашигийн даваа,унаа 5:10.                                                Оны эхний башёгийн тусгай шагналуудын эздээр таван бөх тодорлоо.Эзэн хааны цомыг анх хүртсэн Токушёорюү гарамгай болон дайчин барилдааны шагналыг хүртсэн бол Эндо гарамгай,Кирибаяма,Шёодай нар дайчин,Хокутофүжи уран барилдааны шагнал гардав.Тусгай шагнал тус бүрийг 2 сая иен дагадаг юм.

Сэтгэгдэл бичих