Япон дахь коронавирустай холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдал

Япон Улсад оршин сууж байгаад халдвар авсан тохиолдлууд 2 дугаар сарын 14, 15, 16, 17-ны өдрүүдэд ар араасаа бүртгэгдэж буйтай холбогдуулан Япон Улсын Засгийн газрын онцгой коммиссын 10 дахь удаагийн хуралдаан 2 дугаар сарын 16-ны өдрийн Ням гарагт хуралдаж, улсын бэлэн байдлын зэрэглэлээ өндөрсгөв.

Тухайлбал, улсын хэмжээнд нийт 536 зөвлөгөө мэдээлэл өгөх газрыг 24 цагаар өдөр бүр ажиллуулах, уг өвчний тархалт нэмэгдсэн тохиолдолд ашиглахад бэлэн байдалд байлгах эмнэлгийн тоог 726 байсныг нэмэгдүүлэн 800 болгох шийдвэр тус тус гаргав.

Мөн Ерөнхий сайд Ш.Абэ орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага хоорондын мэдээллийн уялдааг нэгтгэн зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах үүргийг комиссын гишүүдэд үүрэг болгожээ.

Түүнчлэн 16-ны өдөр мэргэжилтэн эрдэмтдийг оролцуулсан зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг хийж, уг зөвлөгөөнд Ерөнхий сайд Ш.Абэ-гээр ахлуулсан онцгой комиссын гишүүд оролцов. Улмаар тус зөвлөлийг тэргүүлэгч Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Т.Вакида өнөөдрийн буюу 17-ны өдрийн 10 цагт иргэддээ хандан “өвчний тархалтыг хязгаарлах үүднээс иргэд шаардлагагүй, яаралтай биш ажлаа хойшлуулж, гадагш гарахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Чингэхдээ аж ахуй нэгжүүд ажилтнуудаа цахим хэлбэрээр ажиллах боломжийг дэмжих, иргэд ажил цуглах, тарах зэрэг хүний зорчих хөдөлгөөнийн төвлөрөл их цагуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийх нь чухал байна” гэж зөвлөөд байна.

Уг өвчний дэгдэлт одоогийн байдлаар Япон Улс орон даяар их хэмжээгээр тархаагүй хэдий ч нийслэл Токио хот, Окинава мужид олон нийтийн голлох тээврийн хэрэгслийн нэг болох таксины жолооч нар, Вакаяма мужид эмнэлгийн ажилтнууд халдварласан нь тархалт өндөрсөж буйг илтгэж байна.

Япон Улсад шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт огцом нэмэгдэж байгааг Японы иргэд, олон нийт түгшингүй хүлээн авч, амны хаалт, гар ариутгах бодисын хомсдол бодитоор үүсээд байна.

Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал цуглааныг цуцлах, оролцохоос зайлсхийх хандлага илэрч байна. Тухайлбал, энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдах товтой байсан Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухитогийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Эзэн хааны ордонд энгийн иргэд олноор цуглаж, Эзэн Хааны зүгээс иргэддээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг үйл ажиллагааг энэ удаад зохион байгуулахгүй байхаар шийдээд байна. 

.

No photo description available.

Сэтгэгдэл бичих