ЭМЯ: Халдвартай нэг хүн 384 хүнд халдвар тараах магадлалтай

НЭГ ХҮНЭЭС ОЛОН ХҮНД ХАЛДВАР ТАРХАЖ БОЛДГИЙГ БНСУ-ЫН ЖИШЭЭ ХАРУУЛЖ БАЙНА

Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд шинэ коронавирусийн халдвар тарсан байна. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог Япон, БНСУ, Сингапур зэрэг улсаас гадна Иран улсад нөхцөл байдал хүндрэлтэй болоод байна. Түүнчлэн БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. 

Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийж байсан. Дэлхий дахин болон БНСУ-ын байдлыг харахад нэлээн дөхөмтэй судалгаа байна гэж үзэж байна" гэв. 

ТАВАН УДААГИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР МАНАЙ УЛСАД ВИРУС ЗӨӨВӨРЛӨГДӨН ИРЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР ГАРСАН

Харин салбар яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын Онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээллийг шуурхай өгч ажиллаж байна. УОК-ын хурал таван удаа болсон бөгөөд коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг батлуулсан. Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох, 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг аваад байна. Мөн хилийн боомтуудад авах арга хэмжээ, иргэдээ гадаад улсаас авчрах зэрэг арга хэмжээг аваад байна. 

Байнгын хороо, Засгийн газар, УИХ-ын чуулганаар гадаад улсуудын нөхцөл байдлын мэдээллийг өгч, авах сургамжийн талаар ярилцсан. Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гарсан. 

Хэрэв эрсдэл үүсвэл хохирол багатай даван туулах тооцоог хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Өвчлөл орж ирвэл хүндрэл ямар байх талаар олон улсын тооцоолол дээр үндэслэн хийж байна" гэв. 

Коронавирусийн халдварыг тодорхойлох оношлуурыг ДЭМБ, Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс авсан бөгөөд хангалттай хүрэлцээтэй  байгаа гэдгийг тэрбээр хэллээ. 

Цаашид оношлогоог Ховд, Орхон, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид хийлгэх бэлтгэл ажлыг хангаж, эмч нарыг сургах, түгээх ажлыг хийж байна. Харин ХӨСҮТ дээр 50+150 орыг нээж ажиллуулж байна. Тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэсэн. Цэргийн төв эмнэлэгт 570 ор бэлэн байгаа юм байна. 

Мөн тэрбээр сэжигтэй тохиолдлуудын шинжилгээг хийж буй бөгөөд халдвар гарсан ч нууж байгаа талаар хуурамч мэдээлэлд итгэхгүй албаны эх сурвалжаас мэдээлэл авахыг иргэдээс хүссэн юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр БНСУ-ын Дэгү хотоос ирсэн зургаан оюутныг ажиглалтад авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан буюу илрээгүй. Өчигдөр орой БНСУ-аас онгоцоор ирсэн хоёр хүнийг тусгаарлсан. Нэг нь Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн Вьетнамд сурдаг оюутан бол нөгөөх нь Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Шанхайд сурдаг оюутан ирсэн. Шинжилгээний хариу өнөөдөр орой гарна. Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлан, 15 хүнийг ажиглалтад байлгаж байна. Тэдгээр хүмүүсийн 14 хоногийн хугацаа ням гарагт ирнэ. Урд шөнө шинжилгээний сорьц ирсэн. Шинжилгээний хариу, хүмүүсийн биеийн байдлыг харж байж цаашид тусгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. ДЭМБ-аас ХӨСҮТ-д нийлүүлж буй 3000 ширхэг оношлуурыг өнөөдөр 20:00 цагт хүлээн авна.

Сэтгэгдэл бичих