ДЭМБ-ын үзэж байгаагаар цар тахал гэж юу вэ?

МОСКВА. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлтийг цар тахал болсон  гэж үзэх боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ сарын 11-нд мэдэгдсэн юм.


ДЭМБ 2005 онд Олон улсын эрүүл мэндийн дүрмийг боловсруулж, тахлын үүсэл, хөгжлийн 1-ээс (халдварын эрсдэлийн хамгийн бага түвшин) 6 (цар тахлын хэмжээнд хүрэх) хүртэлх үе шатыг багтаасан хэмжүүрийг гаргажээ. Энэ хэмжүүрээр 2009 онд “H1N1” вирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлтийг цар тахал хэмээн зарлаж байжээ. Гэсэн хэдий ч энэ шийдвэр
нь олныг сандаргасан хэмээн шүүмжилж, ДЭМБ-ыг буруутгажээ. Олон улс орон хэрэгцээ шаардлагаасаа давсан хэмжээгээр вакцин худалдан авсан байна.


Үүнтэй холбогдуулан ДЭМБ зургаан шатлалт хэмжүүрийг ашиглахаа больжээ. Өвчний тархалтын нөхцөл байдал огцом дордсон тохиолдолд олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах болсон байна.  Бусад улс орны эрүүл мэндийн салбарт аюул учирсан, үүнтэй тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай болсон тохиолдолд ийм нөхцөл байдалд тооцдог байна.


ДЭМБ-ын олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг 1 дүгээр зэрэг буюу хамгийн бага үр дагавартай, 2 дугаар зэрэг буюу дунд зэргийн, 3 дугаар зэрэг буюу дээд зэргийн гэж ангилдаг байна. Ингэхдээ олон улсын хэмжээнд аль нэг зэргээр онцгой байдал зарлахын тулд өвчний тархалт хэдэн оронд бүртгэгдсэн байх ёстойг дурдаагүй байна.  Шийдвэрийг ДЭМБ-ын Онцгой байдлын хороо вирусний газар зүйн тархалт, үүсгэж буй хүндрэлүүд, мөн нийгэмд үзүүлэх нөлөөллийг үндэслэн гаргадаг байна.


XXI зуунд 2009-2010 онд дэгдсэн гахайн томууны тархалтыг цар тахал гэж хүлээн зөвшөөрч байжээ. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар, энэ өвчин нь дэлхийн 214 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, үүнд дэлхийн хүн амын 30 хувь нь өртсөн байна. ДЭМБ-ын эрдэмтэн шинжээчдийн 2012 онд тооцоолсноор, энэ өвчний улмаас нийт 284.5 мянга орчим хүн нас баржээ. Математик загвар ашиглан гаргасан энэхүү тооцоолол нь ДЭМБ-д бүртгэгдсэн нас баралтын тооноос 15 дахин их байжээ.


ДЭМБ 2009 оноос хойш 5 удаа  олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байжээ. 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онцгой байдал зарлаж байсан бол өнгөрсөн 1 дүгээр сарын 30-нд “2019-nCoV” коронавирустэй холбогдуулан онцгой байдал зарласан байна. 

montsame.mn

Сэтгэгдэл бичих