“Улаан дипломтой барилгын инженер охины үүргэвчтэй аялагч болсон түүх”

Аялагч С.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр барилгын инженер мэргэжилтэй ч өөрийн хүсэл мөрөөдлийг даган үүргэвчтэй аялал хийдэг нэгэн юм. Одоогоор 11 орноор аялаад буй тэрээр өөрийн үзэл бодол, аяллын адал явдлаа бидэнтэй хуваалцлаа.

  • ЯАГААД ОХУ-Д БАРИЛГЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭР СУРАХ БОЛСОН БЭ?

Дунд сургуулиа төгссөний дараа миний өмнө хоёр сонголт байсан. Эхнийх нь МУИС-д олон улсын харилцааны мэргэжлээр суралцах. Нөгөөх нь тэтгэлэг аваад, барилгын инженер мэргэжлээр ОХУ-Д суралцах. Уг нь би бизнесийн сургууль, эсвэл олон улсын харилцааны ангид орно гэж төсөөлдөг байсан л даа. Гэхдээ тухайн үед мэргэжлээ сонгохдоо хүний амьдралд инженер сэтгэхүй хамгийн чухал нь байх гэж бодсон. Харин бизнесийг практик дээрээс харж, сайн хичээж чадвал сурах боломжтой. Ирээдүйд том бизнес хийлээ гэж бодоход инженер сэтгэхүйтэй хүн илүү сайн хийж чадна гэж дүгнэсэн юм. Гэр бүлийнхэн минь ч дэмжиж, ОХУ-руу сурахаар явж байлаа. Тухайн үед би 17 настай. Хилээр гарах гэтэл 18 нас хүрээгүй болохоор гаргахгүй гээд буцахаа шахсан. Орост байдаг таньдаг ахынхаа батлан даалт дор хилээр гарч, амьдралынхаа нэгэн чухал алхмыг хийсэн дээ.

Өмнө нь өөр оронд очиж байгаагүй болохоор эхэндээ хэцүү үе багагүй байсан л даа. Хамгийн наад зах нь метронд ч сууж чадахгүй. Удах тусам бага багаар орчиндоо дасан зохицож, амьдарч сурч байлаа. Эмэгтэй хүүхдийн хувьд гэр бүлээсээ хол байна гэдэг хамгийн хэцүү даваануудын нэг. Гэхдээ би хэцүү байна, санаж байна гэлгүй “би сургуулиа заавал улаан дипломтой төгсөнө” гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Өөртөө зорилго тавиад, түүнийхээ хойноос хэр тууштай явж чадах вэ гэдгээ үзэж, сорьсон гэхүү дээ. Эхний хоёр жилийн хугацаанд сургуулийн зожиг, ноомой даруухан хүүхдүүдийн нэг нь байлаа. Уг нь би зожиг, даруухан хүүхэд биш байсан л даа. Гэхдээ өөрийнхөө урд том зорилго тавьчихсан учраас түүнийхээ төлөө хичээх ёстой. Ангийн хүүхдүүд гадуур зугаалж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байхад би хичээлээ давтаж суудаг. Нэг ч удаа хамт явж кино үзэж байгаагүй. Хичээж болох бүхий л боломжоо шавхан, өөрийгөө дайчилдаг байсан. Эхний хоёр жил тасралтгүй хичээсэн зүтгэл минь сүүлийн хоёр жил надад хэрэг болсон л даа. Хичээл зүтгэл минь намайг шагнасан гэхүү дээ. Тэр үед оюутнуудыг 5,4,3 гэсэн дүнгээр үнэлдэг байсан юм. Эхний хоёр жилийн дүнгийн хуудаст минь дүүрэн “5” байсан. Нэг ч дөрөв, гурав гэсэн дүн байгаагүй. Гурав, дөрөвдүгээр курст орсны дараа багш нар миний дүнгийн хуудсыг хараад “энэ угаасаа сайн сурдаг хүүхэд” гэж надад сайн ханддаг болсон. Онц дүнг ч харамгүй тавьдаг. Яг энэ хандлага бодит амьдрал дээр ч бас анзаарагддаг. Хүний өгсөн үүрэг даалгаврыг цагт нь сайн биелүүлдэг бол дараа нь чамд итгэж, ямар ч асуудалгүй хамтарч ажиллана. Энэ нь залуу хүнд байх ёстой гол чанаруудын нэг гэж боддог.


ТАНЫ БОДЛООР ГАДНЫ ОРОНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?                                                  Санкт-Петербургийн Барилга архитектурын сургуульд олон орны хүүхдүүд нэгэн дээвэр дор суралцдаг. Тэр дунд цөөнгүй ялгаа гарч ирнэ. Яг миний сурч байсан сургуульд 10 гаран Монгол оюутан сурдаг байсан. Зарим нь хичээлээ уйгагүй сайн хийдэг байхад нэг хэсэг нь дундаас нь сургуулиа хаячихдаг. Зарим нь хичээлээ хийж чадахгүй хөөгддөг. Оросын сургуульд хичээл дээрээ унасан бол шууд хөөгдөнө. Монголын сургууль шиг мөнгө төлөөд дахин судална гэсэн ойлголт байдаггүй. Нэг хичээл дээр гурван удаа шалгалт авдаг. Хэрэв гурван удаа унавал сургуулиас хөөдөг. Тиймээс оюутнууд өөртөө цаг гаргаж, хичээлээ давтах хэрэгтэй. Нэгэнт оччихоод, сурсан зүйлгүй ирвэл ичгэвтэр шүү дээ.

Сүүлийн үед маш олон хүн гадаад руу сурахаар явж байна. Анх надад Америк руу явах сонголт байсан юм. Боломж байсан хэдий ч би Орос руу явахаар шийдсэн. Орост очсон хойноо Америк явж болох байсан байж энд ирээд байхдаа яахав дээ гэж голж, дутуу үнэлдэг үе хааяа байсан. Тэр хугацаанд би нэг чухал зүйлийг ойлгож авсан. Тэр нь хүн гадаадын аль ч оронд сурсан бай эзэмшдэг гол чадварууд байдаг. Нэгдүгээрт, биеэ даах. Биеэ дааж сурна гэдэг маш том давуу тал. Хоёрдугаарт, мөнгөө зөв зарцуулж сурдаг. Мөнгөний үнэ цэнэ болон яаж хэрэглэх ёстой вэ гэдгийг мэддэг. Гуравдугаарт, өөрийгөө таньж мэдэх. Өөрийгөө таньсан хүн хаана, юу хийх ёстойгоо сайн мэддэг.

Гадаадад сурна гэдэг нь энэ гурван зүйлийг л хүнд өгдөг. Тэрнээс хаана, юуг, яаж сурах гэдэг нь сонин биш. Эдгээр зүйлсийг хүн аяндаа сурдаг гэж боддог.


НОМИОГИЙН АМЬДРАЛ АЯЛАЛТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ?

Би гуравдугаар курст байхаасаа эхлэн аялж эхэлсэн. Анх Бээжин хотыг үзэхээр явж байсан бол өнөөдөо 11 орноор аялчхаад байна. Миний хүмүүст хэлэхийг хүсдэг зүйл бол би бүх аяллын зардлаа өөрийн гараар ажиллаж олдог. Хэн нэгнээс тусламж, эцэг эхээсээ мөнгө авдаггүй гэсэн үг. Хүмүүс үүнд итгэдэггүй. Итгэхийг хүсдэггүй байх л даа. Би хамгийн хямд аргаар аялдаг. Нарийн төлөвлөгөө, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүн хямд зардлаар гайхалтай аялал хийж чадна. Би саяхан өөрийн “Хямд аялах аргаа заая” цахим хуудастаа Европ явсан аяллынхаа талаар бичсэн юм. Нийтлэлдээ Шведийн Стокольм хотоос Чехийн Прага руу монгол мөнгөөр 20 мянган төгрөгөөр нисэх боломж байдаг. Энэ тухайгаа бичсэний дараа надаас ах, эгч хүмүүсээс олон сөрөг сэтгэгдэл ирсэн. Чи яагаад хүмүүсийг хуураад байгаа юм, худал мэдээлэл өглөө, ийм зүйл байх боломжгүй гэх мэт.. Дараа нь би энэ хүмүүс яагаад ингээд байгаа юм бол оо гэж олон талаас нь бодож үзсэн л дээ. Хариулт нь их амархан байсан. Энэ хүмүүс зүгээр л мэдээлэлгүй, судалгаа хийгээгүй юм байна лээ. Ийм байх ёсгүй, намайг явж байхад ийм байсан, яаж 20хон мянган төгрөгөөр нисэх юм бэ гэж хүлээж авдаг нь бидний өмнөх үеийн хүмүүсийн хандлага. Харин миний үеийн залуус эсрэгээрээ ямар гоё юм бэ, ийм том боломж надад байна гээд илүү их судалж, эерэгээр хүлээн авч байна лээ. Зүгээр л нэг постны дор үлдээсэн сэтгэгдлээс хоёр үеийн хүмүүсийн ялгаа харагдаж байгаа нь их сонирхолтой байгаа биз. Бидний өмнөх үеийнхэн өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, хуруу хумсаа хугалан ажиллаж, өлсөж цангасны дараа нэг юм сайхан амьдрал, амжилт ирнэ гэж сургадаг. Харин манай үеийнхэн ингэж боддоггүй. Дуртай зүйлээ хийнгээ өөрсдийгөө хөгжүүлж, хийх ёстой ажлаа үүрэг биш зорилго болгон хардаг. Өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа хүн хүний өмнөөс юм шиг амьдардаггүй байх.


ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭ ОРХИОД, АЯЛХААР ШИЙДЭХЭД ЯМАР БАЙСАН БЭ?

Сургуулиа төгссөний дараа нэг хэсэг хэцүү сонголтын өмнө ирсэн. Дипломоо барьж очоод, нэг оффист мэргэжлээрээ ажиллах ёстой юу. Эсвэл ямар ч хамаагүй ажил хийж, мөнгөө цуглуулаад аялах уу. Энэ дээр бас л нөгөө хоёр үеийн ялгаа гарч ирж байгаа юм. Мэргэжлээрээ нэг оффист ажилд ороод аав, ээжийнхээ санааг амар байлгах. Эсвэл зөөгч хийж мөнгө олоод, аялангаа өөрийгөө хөгжүүлэх. Би хоёр дахь сонголтыг хийсэн л дээ. Уйгагүй ажиллаж, аялал гэх гайхалтай зүйлийн амтанд орсон. Аялах тусам улам шунаж, хурдхан мөнгө олоод энэ орон руу явах юмсан гэж бодогддог. Үүргэвчээ үүрээд аялж явахдаа яаж барилгын инженер мэргэжлээ аялалтай хослуулж болох вэ гэдгийг нууцхан төсөөлдөг байлаа. Эзэмшсэн мэргэжлээ зүгээр орхино гэдэг харамсалтай шүү дээ. Удаан бодсоны эцэст юу хийх ёстойгоо ойлгосон. Удахгүй надтай ижил барилгын инженер мэргэжлээр сурч буй оюутнуудад зориулсан онлайн сургалт болно. Ерөнхий төлөвлөгөөгөө гаргачихсан. Цахим хичээлээ бэлдээд эхэлчихсэн. Тэгэхээр мэргэжлээрээ ч ажиллана, бас аялна.

С.Номин-Эрдэнэ нь Хятад, Орос, Турк, Тайланд, Бельги, Финлянд, Швед, Нидерланд, Герман, Франц, Вьетнам гэсэн 11 орноор аялжээ.



ХАМГИЙН СҮҮЛД ЯВСАН АЯЛЛЫНХАА ТАЛААР ЯРИАЧ?

ШУТИС-аас манай найз бид хоёрыг Орос руу олон улсын хуралд явуулсан юм. Орост очих бүх зардлыг сургуулиас даасан болохоор цаашаа хамт аялах саналыг хамт явсан найздаа тавьсан юм. Найз минь зөвшөөрч, бид хоёр Гүрж рүү явж үзье гэж төлөвлөсөн. Оросоос Гүрж рүү шууд нислэг байдаггүй болохоор Оросын Владикавказ хотоор дамждаг. Бид хоёр Владикавказад очоод хил дээр очиход Гүржийн визийг зөвхөн онлайнаар захиалдаг болж таарсан юм. Судалгаа сайн хийгээгүй, мэдлэггүйгээсээ болоод хил дээрээс буцахад хүрсэн дээ. Ямар аймшигтай санагдаж байсан гээч. Гадаа тас харанхуй болчихсон. Владикавказ хот маш тэнгэр баганадсан өндөр уулстай, тэргэл сар гарчихсан. Уур хүрэхийн зэрэгцээ бага зэрэг айдас өвөртөлж, нүдэндээ нулимс цийлгэнүүлэн алхаж явснаа би хэзээ ч мартахгүй байх аа. Алхаж явсаар нэлээн хуучирч муудсан буудал олж, тэндээ хоносон. Өглөө сэрээд ямар газар ирсэн талаараа интернетээс хайж байгаад Кавказын нуруугаар аялах олон төрлийн маршрут олсон. Нэгэнт ирсэн тул найзтайгаа хамт Кавказын нуруугаар аялахаар болсон доо. Харамсахааргүй гайхалтай аялал болсон шүү. Амьдралд нэг хаалга хаагдахад дараагийн хаалга заавал нээгддэг гэдгийг энэ аяллаас ойлгож авсан.