Б.Болдсайхан: Сэтгэлээ сэвтүүлэхгүй байвал түүнийхээ үйлийн үрээр дараагийн амьдрал ирдэг


HumanZ.mn сайтын онцлох булангуудын нэг бол “GenZ ба БИ”. Энэхүү буланд “Y”, “Х” үеийн төлөөлөл болсон хүмүүс “Z” үеийнхний тухай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцдаг. Энэ удаагийн зочноор анагаах ухааны доктор, гавьяат эмч, “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Бундангийн Болдсайхан оролцлоо. Түүний залуу нас болон одоогийн залуусынхаас хэр өөр байсан бол? Түүний хобби болон клиник үхэлд орж байсан үеийн тухай сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

- Миний хүсэлтийг хүлээн авсан танд баярлалаа. Залууст зориулсан вэбсайт гэдэг утгаараа таны өгч байсан ярилцлагуудаас асуулт нь арай өөр байх болов уу. Одоогоос 38 жилийн өмнөх 18 настай Болдсайханы тухай ярьж ярилцлагаа эхэлье?

- Би Нэгдүгээр сургуулийн тооны ангийг 17 настайдаа төгсөөд, тэр жилдээ улсын математикийн олимпиадад түрүүлж байлаа. Одоо бодохоор 1981 оны юм ярьж байна шд хоёулаа. Дунд сургууль төгсөөд анагаахын их сургуульд орох хүсэлтэй. Гэтэл социализмын үе бол хүн дуртай мэргэлжлээ сонгож болдоггүй байсан цаг л даа. Чи тооны анги төгссөн учраас чамайг анагаахад оруулахгүй гээд улсаас Орост математикийн ангид оруулах шийдвэр гаргасан. Орос хэлний шалгалт өгч, дөрөв буюу сайн аваад явж байсан. Гаднаас нь харахад нэг иймэрхүү үе. Тухайн үед ч тэр, одоо ч тэр миний дотор бодогдож явдаг нэг зүйл бий. Хүний амьдралын тухай ойлголт, эрмэлзэл, бодол, хүсэл, тэр битгий хэл бие махбодь 12 жил болоод өөрчлөгдөж байдаг. Хүүхэд ч гэсэн 12 хүртлээ жаахан охид, хөвгүүд. 12 хүрээд бэлгийн бойжилтоор нэг нь эр хүн, нөгөөх нь хүүхэн болох шилжилтийн нас эхэлнэ. Гэр орон болон байгаль, тэр бүү хэл өөртэйгөө зөрчилдөж эхэлдэг. 18 нас бол энэ бүх шилжилт дуусчихсан, өөрийгөө эр хүн гээд бодчихсон, бүх зүйл санаанд багтдаг үе. Сансрын нисгэгч ч болчихмоор, зүрхний мэс заслын эмч ч болчихмоор. Чадахгүй, болохгүй юм байхгүй юм шиг л. Гэхдээ цаг үе нь өөр. Жишээлбэл, би 81 онд улсын олимпиадад түрүүлээд, Вашингтонд болох олон улсын олимпиадад оролцох ёстой байсан юм. Гэтэл 1979, 1980 онд Орос, Америк хоёр муудалцсан учраас нэгнийхээ олимпиадад оролцохгүй гээд биднийг явуулаагүй. Оросын 1980 оны олимпиадад капиталист орнууд ороогүй. 1984 оны Лос Анжелесын олимпиадад ч тэр. Энэ мэтчилэн цаг үе нь өөр байсан.

- Залуу насыг энгийнээр тодорхойлж хэлбэл?

- Залуу нас гэдэг бүх цаг үед адилхан байдаг. Чулуун зэвсгийн үе байна уу, өдийд байна уу хамаагүй. Эрмэлзэл дүүрэн, эрч хүчтэй, мөрөөдөлтэй. Дүгнээд хэлбэл их романтик, идеалист. Бас маш их зөрчилтэй. Амьдарч буй нийгмээ их шүүмжилдэг. Нэгдүгээр сургуулийн захирал, Гомбосүрэн багш маань философи орж байхад нь би элдэв янзын асуулт асууна. Захирал аав руу минь утастаад “наад хүүхдээ олны дунд битгий ийм тэрслүү юм ярьж бай гэж хэл” гэж гуйдаг байсан гэдэг.

- Тухайн үеийн Улаанбаатар хотыг дүрслээч? Хүмүүсийн харилцаа, орчин нөхцөл ямархуу байсан бэ?

- Мэдээж хот үнэхээр өөр байсан. Гэхдээ социализмын үеийн бүх юмыг муу гэж болохгүй. Бүх зүйл сайн, муу талтай. Тухайн үед хот төлөвлөлт нь 20,30 жилээр гарчихсан. Хүн амыг бөөгнөрүүлээгүй, ногоон байгууламж ихтэй, хөдөлгөөн сийрэг гэх мэт олон сайн тал бий. Харин муу тал нь гэвэл хувь хүнээс юу ч хамаардаггүй. Бид хүссэн хүнээ сонгож чаддаггүй. Цаанаасаа гавьяатай барилгачин ч юм уу, эсвэл МАХН-ын гишүүн гээд заасан хүнийг л дугуйлдаг. Төрийн сонголтод оролцохгүй. Тийм болохоор төрөөс явуулж буй улс төрийн, нийгмийн, эдийн засгийн бодлогод хувь хүний санал тусгагддаггүй гэсэн үг. Тэр байтугай хувь хүний амьдралын сонголт хүртэл өөр байсан. Жишээ нь, би сургуулиа төгсөөд анагаахад орох гэж аавыгаа хөтлөөд, сургуулийн захирал дээр орж гуйж байсан. Тэгсэн ч анагаахын хуваарь өгөөгүй. Хувь хүн төр засгийн шийдвэрт нөлөөлөх нь битгий хэл, зарим тохиолдолд хувь хүний амьдрал нь хүртэл хараат байсан. Дураараа хот орж болохгүй, дураараа аймаг явж болохгүй. Заавал зөвшөөрөл авдаг. Түүнийг нь “зам явах” гэж нэрлэдэг. Зөвшөөрлөө авч очиж үзүүлж бүртгүүлээд, онгоц юмуу машинд суудаг. Ер нь л эрх чөлөөтэй биш. Энэ нь Монголын төрд ч биш Оросоос хамааралтай. Монголын төр өөрөө эрх чөлөөгүй, бүх шийдвэрийг нь Москвагаас хянадаг. Гадаадад очоод хэлэх үгийг нь хүртэл монголчуудад заадаг. Одоо хүнд яривал итгэхгүй дээ. Мал төллөх хугацааг хүртэл дөрөв биш хоёр сард гэж заадаг байсан гээд бод. Яагаад гэвэл Казахстан, Киргиз улсын малтай адилхан байлгах гэж тэр. Гэтэл манай дөрвөн сар чинь эдгээр орнуудын хоёр сартай адилхан. Ийм л бие даасан биш цаг үе...

- Бүхий л цаг үед бусдаас илүү онцгой, содон, манлайлагч нэгэн төрдөг. Та 20 насны босгон дээр байх үедээ хэнийг үлгэрлэн дуурайдаг байв?

- Энэ үлгэрлэн дуурайх гэдэг их гоё асуулт л даа. Төрөөс үлгэрлэн дуурайх ёстой хүмүүсийг зааж, сурталчилдаг байсан. 18 настай охиныг албаар хөдөлмөрийн баатар саальчин болгодог ч юмуу. Энэ нь залуучуудыг мал дээр сайн ажиллаад, охид нь сайн саальчин, хөвгүүдийг сайн адуучин болохыг уриалж байгаа нь тэр. Барилгачин, нэхмэлчин гэх мэт. Гэхдээ сэхээтнүүдийг шагнах нь бага. Манай аав надад нэг үгийг байнга хэлдэг. Ганцхан манай аав ч биш, манай үеийнхний бүх аав л захидаг байсан байх. Гэртээ ярих юмаа олны дунд ярихгүй, олны дунд ярих юмаа гал тогоондоо ярихгүй л байвал зүгээр дээ гэж. Гэртээ, найз нөхдийнхөө дунд өөрийн хүндэлдэг хүн, хүсч буй амьдрал, төр улсын тухай өөрийнхөө бодлыг ярих нь олны дунд ярихаас өөр байх ёстой гэсэн үг байх нь. Олны дунд бол төрөөс заасан хүнийг л дуурайх ёстой, ийм үг хэлэх ёстой гэх мэт хяналттай. Миний хувьд тухайн үед математикчдыг шүтдэг байсан даа. Тухайн үед Гаволявский гээд эмэгтэй математикч хүртэл байсан. Эйнштейний харьцангуй онолыг үзээд тэрний дараагийн ертөнцийн ерөнхий хуулийг олчих юмсан гэх мэт мөрөөдөл байсан. Яахав, 18 настай, тооны анги төгссөн болохоор нэг иймэрхүү л юм боддог байж.

- Яг одоо цаг дээр бол залууст авахыг хүсдэг олон материаллаг эд зүйл байна. Та залуудаа хамгийн ихээр худалдаж авахыг хүсдэг байсан зүйл тань юу вэ?

- Би анагаах төгсөөд, сайн дураараа хөдөө сум руу илгээлтээр явсан юм. Говийн эмчгүй суманд эмч хийе гэж уриалга гаргаад, ангийнхаа дөрвөн хүүхэдтэй хамт явж байсан. Очоод өндөр цалин авдаг байсан. Би ерөнхий эмч, мэс заслын эмч, ариун цэврийн байцаагч, сүүлдээ төрөх, эх барихыг хүртэл хамтад нь хийчихнэ. Тэгэхээр бүх цалин нийлээд 1000-1300 төгрөгийн цалин авна. Тэрийг худалдан авах чадвараар нь одоогийн ханшаар тооцвол 2-3 мянган доллар болохуйц хэмжээний мөнгө. Яахав, эмч нарын суурь цалин бол 650 төгрөг байсан л даа. Тэрэн дээр ерөнхий эмч, мэс заслын эмчийн цалин нэмэгдэнэ. Хамгийн анхны цалингаараа авсан зүйлээ хэлэхэд жаахан инээдтэй л юм. Миний хобби л доо. Хэт хутга авч байсан. Дорноговийн Айраг сум бол Боржигоны нутаг. Газар газрын хийц, дарханы ур чадвар өөр. Би албаар тийм ч том биш тэгсэн мөртлөө Японы самурайн сэлэм шиг үелсэн бүтэцтэй, эрээн мяраан товгор биш, энгийн даруу мөртлөө чадварлаг хийцтэй хутга хийлгэж авсан. Одоо том хүүдээ өвлүүлчихсэн байгаа. 30-аад жилийн өмнөөс л хэт хутга нь миний хоббинуудын нэг болсон. Одоо ч миний цүнхэнд хувыг нь янзлах нэг хутга явж л байна.

Миний үндсэн хобби бол ном унших, бичих, бодох. Гэхдээ сүүлийн үед бодох гэхээсээ илүү яаж юм бодохгүй байх вэ гэдэг хоббитой болчхоод байна.

- Манай вебсайт нь “Z” үеийнхэнд зориулагдсан гэдгээрээ онцлогтой л доо. Бидний үеийн залуусыг та хөндлөнгийн хүний нүдээр тодорхойлбол?

- Маш гоё. Бидэнд байгаагүй бололцоотой. Тэр нь юу вэ гэвэл эрх чөлөө. Өөрөөрөө байх, хүссэн мэргэжлээ, явмаар байгаа амьдралын замаа сонгох эрхтэй. Өөрийнхөө хүссэн хоолыг идэх, бас идэхгүй байх боломжтой. Бидний үед өдөртөө нэг л удаа хоол иддэг байлаа. Манай аав, ээж хоёр хоёулаа эмч, цөөхөн хүүхэдтэй мөртлөө л хоёр талаас баахан садангийн улс ирнэ. Олуулаа нийлээд хоол хийж иднэ. Гэтэл одоо гахай, тахиа, үхэр, хонь гээд сонгоно. Өдрийн гурван хоол. Заримдаа бүр энэ хоолнуудаа гуйлгаж байж иднэ. /инээв/ Дараагийн том зүйл бол технологи. Гар утсыг хүмүүс муу хэлдэг. Би тэгж чаддаггүй. Гар утас бол үлгэрийн гайхамшиг. Хүн төрөлхтөн дунд галын дараа орохуйц энгийн хирнээ гайхалтай технологи. Интернет, гар утасны тусламжтайгаар бид дэлхийн аль ч номын сангаас ном уншиж, хүссэн хүнтэйгээ ярьж, хайсан бүх мэдлэгээ олж авч чадна. Магадгүй хамгийн тэнэг зүйлүүдийг ч хийж болно л доо. Би 18-24 насны залууст хамгийн ихээр итгэдэг. Хүн эх орондоо хайртай байя гэвэл чулуу, шорооноос илүү хүрээлэн буй хүмүүстээ хайртай байх ёстой. Тэр дундаа би одоогийн залуусыг илүү хайрладаг. Бас бахархдаг. Ялангуяа 30 хүртэлх насны залуучуудад би нэг талаараа атаархдаг юм. Одоо би энэ үед байсан бол Вашингтоны олимпиадад явах нь байна шд тийм үү. Нэг тийм гэрэлтэй, боловсролтой, биеэ даасан. Манийн үеийнхэн Оросуудын дор “ах аа, ах аа” гэж бөхөлздөг боол сэтгэхүйтэй байсан. Одоогийн залууст тийм юм байхгүй. Манай хүүхдүүд лав тийм биш. Орос хүн байвал зүгээр л нэг өөр орны хүн байна, Англи, Солонгос хүнээс ямар ч ялгаагүй гэж ханддаг. Энэ үеийн залуус гэгээлэг учраас би Монголын ирээдүйг гэрэлтэй гэж хардаг. Алдаа оноо байлгүй яахав. Залуу насанд бүгд алдана. Нэг алдана. Нэг хэсэг алдана. Гэхдээ дараа босч ирэх ирээдүй нь тэдэнд байгаа.

- Санал нэг байна. Сайны хажуугаар саар гэдэг. Энэ үеийн залуусын сул талыг та юу гэж боддог вэ?

- Мэдээж сул тал байгаа. Тэр нь өөрсдөөс нь ч биш энэ цаг үеэс болсон. Нэг Япон зүйр үг байдаг юм билээ. Мөнгө төлөөд ч болтугай зовлон, бэрхшээлийг туулж үзэх ёстой гэж. Мөн Буддад “туулсан бурхан” гэж үг байдаг. Ингэсэн, тэгсэн, тэгж байгаад ингэсэн гэж явсаар байгаад “туулсан бурхан танаа” гэж гардаг. Өөрөөр хэлбэл хүн аливаа бэрхшээлийг туулж байж л ойлгодог. Будда ч гэсэн авгай аваад, хүүхэдтэй болоод, завхраад л, ордондоо идэж ууж, гахай шиг хэвтэж байгаад дараа нь өөрөө туулсан байхгүй юу. Зургаан жил даяанчилж яваад, дараа нь 85 хүртлээ 50 жил ээдрээ, саад бүх зүйлийг туулсан. Энэ нь одоо үеийнхэнд ямар хамаатай вэ гэвэл энэ ханиад томуу, эдийн засгийн хүндрэл. Цаашлаад хувь хүний амьдралд ч гэсэн хайр дурлалын бүтэлгүйтэл, ипотекийн зээлээр дамжаад л бүгдийг туулаад л гарна. Далимд нь хэлэхэд залуучууд аль болох ажлын хүнд хэцүүг, амьдралд ч гэсэн бусдын зүрхлээгүй замыг сонгох хэрэгтэй. Зөөлөн, амархан, аятайхан, хүнээр хийлгэж болох биш. Хэцүү хирнээ чиний хүссэн зүйлд хүргэх бартаатай замаар яваарай гэж хэлмээр байна.

Бүх цаг үед л залуусыг залхуу, хариуцлагагүй, цаг барьдаггүй гэж шүүмжилдэг. Манай аав, ээжийн үед ч тийм байсан байх. Чулуун зэвсгийн үед ч тийм л байсан байх. Заавал цаг барих ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Энэ зарчим нь хүртэл өөр болсон шд. Жишээ нь, энэ хөл хорио тогтоосон үед гэрээсээ ажлаа хийхээр цаг барих тухай ойлголт байхгүй. 15 жилийн өмнө бид “Гүүгл” компанийн талаар сонирхож ярьдаг байлаа. Гэрээсээ ажлаа хийдэг гэнэ, дуртай цагтаа ажилладаг гэнэ, зарим нь дөрвөн цаг зарим нь 20 цаг ажилладаг гэнэ гэх мэт.

- Б.Болдсайхан эмч 2020 онд 20 настай байсан бол юу хийх байсан бэ? 

- Би 20 настай биш болохоор 56 настай хүний хувьд үг хэлэх гээд байна л даа. Сонгуульд идэвхтэй оролцоод, зөв хүнээ сонгох байсан. Тэгвэл ирэх дөрвөн жилийн амьдрал чинь арай зөв тал руу орно. Иргэн хүний улс төрд орох хамгийн идэвхтэй оролцоо бол сонгууль байх ёстой. Хоёрдугаарт түрүүн хэлсэнчлэн хамгийн хэцүү, бартаатай, хэний ч явж чадаагүй ажлыг сонгоно. Би 1997 онд гуравдугаар эмнэлгээс гараад, анагаахын багшийн ажлаа орхиод, буяны эмнэлэг байгуулж байсан. Тухайн үед траншейны хүүхэд гэж байсан. Одоо байхгүй л дээ. Өвлийн хүйтэнд вокзал, дуурийн театрын траншейгаар ороод, хүүхдүүдийг нь гаргаж, эмчлээд явдаг л байсан. Би өөрийн дурандаа яваад, хүүхдэдээ сүрьеэ авчирч халдаагаад, өөрөө өчнөөн удаа бөөстөөд, хамуураад л явж байсан. Олон залуу над шиг ингэж явсан байх гэж боддог. Хоосон лангууг дүүргээд ашигтай ч байсан, амьдралаа ч босгосон. Орост дээрэмдүүлээд, Хятадад гэдэс өвдөөд явж л байсан. Тэгэхээр би одоогийн залуусыг хамгийн хүнд гэсэн рүү яв гэж хэлнэ. Хэрэв эмч бол Дорнодын тал, тайга, Өмнөговь гэх мэт эмч дутагдалтай газарт очиж ажилла. Багш бол хөдөө малчдын хүүхдүүдэд морь, тэмээ унаж очоод ч хамаагүй хичээл заа. Ингэж байж өөртэйгөө, амьдралтай, дэлхийтэй танилцана.

- ”Үхэл цэг биш таслал” нэвтрүүлгээр таныг өөрийгөө клиник үхэлд оруулсан тухай нэг биш удаа үзсэн л дээ. Түүн дээр та клиник үхлийн үед хүнд зөвхөн ухамсар үлддэг гэж хэлсэн. Тэгвэл залуус амьдралынхаа туршид яг юуг ухамсарлан бодож явах ёстой вэ?

- Би 56 настай эмч хүний хувьд, өөрийн биеэр клиник үхэлд орж байсан хүний хувьд хариулъя. Би 105 кг жинтэй. Гэхдээ хүн бол 105 жинтэй мах биш. Тэр байтугай 56 нас хүртлээ миний олсон боловсрол хүний оюун ухаан биш. Энэ бүхний цаана сэтгэл гэж байдаг гэдэгт би итгэдэг. Тэрийг зүйрлэвэл болор бөмбөлөг шиг. Тэр сэтгэлийн болор бөмбөлгөө аль болох бага сэвтүүлж, бага бохирдуулж яваасай гэж хүсдэг. Миний махан бие үхнэ. Булшлагдана, хорхой шавж иднэ. Оюун ухаан тархитайгаа хамт үхнэ. Харин би сэтгэл үхдэггүй гэж итгэдэг. Дорнын бүх сургаалд тэгж хэлдэг. Сэтгэлээ сэвтүүлэхгүй байвал түүнийхээ үйлийн үрээр дараагийн амьдрал ирдэг. Бусдад муу санаж, мууг үйлдэхгүй явбал сэтгэл сэвтэхгүй, ажил, амьдрал сайхан болно. Одоогоор ийм л зүйл хэлэх байна. 12 жилийн дараа өөр юм захих ч юм бил үү. Би клиник үхэлд орсныхоо дараа маш их өөрчлөгдсөн. Гэхдээ би хүмүүсийг тэг гэж байгаа юм биш. Ерөнхийдөө бол буддын сургаалыг уншиж, судлах хэрэгтэй. Монголчууд азтай. Буддын бүх сургаал монгол хэлээр байдаг болохоор унших боломжтой.

Буддын сургаал нь хийморийн сан уншиж, рашаан өгөх биш. Энэ бол сэтгэлийн шинжлэх ухаан. Анагаахын шинжлэх ухаан бол махан биеийн шинжлэх ухаан. Тиймээс нас залуу байгаа дээрээ бие, оюунаа боловсруулахаас гадна сэтгэлээ боловсруул гэж хэлэх байна.

Эх сурвалж: HumanZ.mn сайт. “GenZ ба БИ” булан. Сэтгүүлч М.Баасандэлгэр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.179.25.1512020-03-20 10:13:57

Сонирхолтой ярилцлага болжээ. Амжилт