Б.Пүрэвсүрэн: Хүний үгийг сонсоод, яг тэр хүнтэй адилхан болох гэж тэмүүлэх шиг тэнэг зүйл байхгүй

Энэ удаагийн “Coffee Time” буландаа “Старт” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэнг урилаа. Тэрээр "PU" подкастыг санаачлан, нийгэмд эерэг хандлага түгээдэг.

- ОЮУТАН БАЙХДАА СУРСАН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ ТАНЬ ЮУ ВЭ?

Би “Сити” дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Оюутан байхдаа хувь хүний хөгжилд тулгуурласан зүйл бараг хийдэггүй байлаа. Бусдын адил л урсгалаараа явдаг. Гэхдээ дотроо нэг зүйлийг эргэцүүлж явсан нь “олон хүнтэй танилцах ёстой” гэсэн бодол. Тиймдээ ч олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Сүүлдээ бие дааж арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Оюутнуудаараа, багаараа, компаниараа. Үүний үр дүнд аливаа зүйлийг зохион байгуулах явцдаа суралцах процесс руу орж сурсан. Түүнээс биш “би энийг заавал сурах ёстой” гэж хичээж сурсан зүйл байхгүй. Эхлээд оролдож үзээд, дараа нь алдаанаасаа суралцдаг байсан гэхүү дээ.

- АЖЛЫН ГАРААГАА ХААНААС ЭХЭЛСЭН БЭ?

Дунд сургуулиа төгсөөд “Старт” компанид ажилд орсон цагаас одоог хүртэл энэ газартаа ажиллаж байна. Анх сайн дурын ажилтнаар орж байлаа. Эхний хэдэн үйл ажиллагаан дээр сайн дурын ажилтан хийж байгаад, зохион байгуулагч болсон. Удалгүй менежер болж, байгууллагынхаа гол хүн болох эхлэл тавигдсан. Харин одоо үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Мөн олон улсын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Манай компани Старт Ап-уудыг санаа байхаас нь эхлэн бойжуулаад, санааг нь бодит болгодог. Үнэхээр сайн санаа, бүтээгдэхүүн хөгжүүлэх баг байх юм бол хөрөнгө оруулалт болон зах зээлийг нь олж өгнө. Дараа нь хэрэглэгчийн тоог нь нэмээд олон улсын зах зээлд гаргадаг.

- ХУВЬ ХҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛ ДЭЭР ЯМАР БОДОЛТОЙ ЯВДАГ ВЭ?

Хүний үгийг сонсоод яг тэр хүн шиг болох гэж тэмүүлэх шиг тэнэг зүйл байхгүй. Хувь хүн болгон өөр. Хүн бүр өглөө босоод ажлын бүтээмж ихтэй байдаггүй. Бүх хүн орой эсвэл өдөр ажлын бүтээмжтэй байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд би, хэзээ, хаана, яаж хийвэл ажлын бүтээмж өндөртэй байдаг вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Чи өндөр сандал дээр суувал гоё байдаг уу, эсвэл намхан сандал дээр суух уу гэдгээ мэдчихээд, тэрийгээ төлөвшил болго. Төлөвшсөн зүйлээ дадал болгоод, хариуд нь үр дүн хүртэнэ гэсэн үг. Тэрнээс би өсвөр насны хүүхдүүдэд “чи эмх замбараатай байх ёстой” гэсэн тодорхой хариулт өгч чадахгүй. Өсвөр насны хүүхэд хамгийн түрүүнд би яаж юмыг сурч чадах вэ гэдгээ олох хэрэгтэй.

- МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДРАХ, ЗОРИЛГОТОЙ БАЙХ ГЭДЭГ НЬ?

Одоогийн хүмүүс зорилго, мөрөөдөлгүй бол амьдарч чадахгүй юм шиг зантай болчихсон. “Чи надад мөрөөдлөө яриач” гэх мэтээр “cool” болгож яриад байгаа юм. Уг нь зорилго, мөрөөдөл гэдэг зүйл чинь хүнд ярихгүй, дотроо хадгалж байх ёстой зүйл юм шд. Би жилийн дараа ийм болно гэсэн зорилгоос үүдэн хөдөлмөр гардаг байтал “надад зорилго олдохгүй байна аа” гэж яриад зүгээр суух зүйл биш. Юуг зорьж, юуг мөрөөдөж байгаагаа мэдэрсэн цагаас эхлэн хүнээс хөдөлмөр гарч эхэлдэг. Чиний араас зэрлэг чоно хөөвөл “би яаж зугтахаа мэдэхгүй юм чинь идүүлье дээ” гэж хэн ч бодохгүй биз дээ. Араас чинь хөөгөөд ирвэл чи гүйнэ. Гүйх явцдаа хаашаа гүйж, яаж амьд үлдэхээ бодно. Тархи чинь ажиллана. Яг үүнтэй адил нөхцөл байдалд өөрийгөө оруулах хэрэгтэй. Байнгын өлсгөлөн байдалд байж, олон төрлийн зүйл дээр очиж үзэх хэрэгтэй. Хэрэв зорилгыг хайдаг бол гэрээсээ лав олохгүй. Хүмүүстэй ярилц. Мэдээллийн эх сурвалжийг зөвхөн интернет гэж дүгнэж болохгүй. Миний хувьд бүтэн ном уншсанаас, нэг хүнийг сайн яриулсан нь надад илүү тусдаг. Тиймээс олон чадварлаг хүнтэй уулзах тусам зорилго, мөрөөдөл чинь тэлэгдэнэ. Ээж ааваасаа илүү хүнтэй, түүнээс ч илүү хүнтэй уулз гэж залуустаа хэлмээр байна.

- ТАНЫ БОДЛООР “ЭЕРЭГ ХАНДЛАГА” ГЭЖ ЮУ ВЭ?

Аягатай усыг тал гэж харж болно. Эсвэл бараг л дүүрэн байна гэж харж болно. Аль талаар нь харахаа чи өөрөө шийднэ. Гэхдээ байнга эерэг хараад байвал бодит байдал дээр буухгүй үе бас бий. Заримдаа сөрөг талаар нь харснаар давуу тал үүсэх тохиолдол байдаг. Сөрөг тал гэхээр л муу гэж ойлгож болохгүй. Хааяа өөрийгөө сөрөг байдалд оруулж байх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдлыг яаж хармаар байгаагаа л өөрөө сонгох нь чухал. Эерэг талаас нь хараад сайн үр дүнд хүрч байвал зөв. Нөгөө талаараа сөрөг талаас нь хараад илүү сайн үр дүнд хүрч байвал бас л зөв. Энэ бүхнийг хослуулж сурах хэрэгтэй. Чамайг хамгийн их муулж чадах хүн бол чи өөрөө. Тиймээс өөртөө сөрөг хандаж, өөрийгөө шүүмжилж бай. Хүнд суурь эерэг бодол байх ёстой. Тэр нь би дараагийн удаа илүү сайжирна гэсэн бодол.


- ЗАЛУУ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХДЭЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Сайн ярьж сурах хэрэгтэй. Хүмүүс хоорондоо оюун бодлоороо ярьж чаддаг байсан бол ярих шаардлага байхгүй. Бидэнд байгаа хамгийн том зэвсэг бол “ам”. Толгойд болж буй процессоо цэгцтэйгээр хүнд ойлгуулж, ярьж сурах хэрэгтэй. Маш сайн ярьдаг хоёр хүн хоорондоо ойлголцож чадаагүйгээс болж том байгууллагын хоорондох гэрээ зурагдахгүй байх тохиолдол бий. Хүнд юм ярьж ойлгуулах чадварыг сур. Үүнийг сурах шалгарсан арга бол хүнтэй ярих, уулзах, лекцэд суух. Эхлээд чи хүнийг дуурайж ярина. Дараа нь өөрийнхөө өнцгийг багахан шингээж ярина. Дараа нь өөрийгөө бүрэн илэрхийлж сурна. Тиймээс чиний хувьд ойрын хугацаанд төгс илтгэл гэж байхгүй.

Мөн залуучууд зөв бичих, тоо бодох, газар зүй, хими, физик гэх мэт суурь мэдлэгтэй байх хэрэгтэй шүү. Суурь шинжлэх ухааны мэдлэг чухал. Шинжлэх ухааны мэдлэгтэй хүн илүү логиктой сэтгэдэг. Ямар ч суурь мэдлэггүй хүн хэт их мэдээлэл дунд орохоороо замхардаг.

- АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ГАРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?

Үнэнч байх. Ажлын байран дээр худал ярьж болохгүй. Чадваргүй байж болно. Үүнийг засч болдог. Мэдэхгүй байж болох ч түүнийгээ хурдан мэдэх гэж тэмүүлэх хэрэгтэй. Мөн багийн уур амьсгалыг авч явах чадвар, хариуцлага. Энэ нь алдаж болохгүй гэсэн үг биш. Алдсан алдаандаа хариуцлага хүлээж чаддаг байх гэсэн үг. Мартаж болохгүй чухал зүйл нь тууштай байх. Хийсэн зүйлээс чинь өнөөдөр үр дүн гарахгүй байж болно. Одоохондоо чи “суга” байж болно. Ажилладаг компани чинь зогсонги байж болно: Гэхдээ чи нэгэнт эхэлсэн бол эцсийг нь үзэж бай гэж хэлмээр байна. Сүүлийн үеийн залуучуудын нэг алдаа нь олон зүйл хийж үзнэ гэсэн нэрээр нэг газарт сар орчим ажиллаад гарчихдаг. Тийм хүнийг “энэ олон компани дамжсан хүн шд” гээд ажилд авахдаа дуртай байхгүй болов уу. Харин “энэ залуу ийм ажил эхлүүлээд бүтэлгүйтэж байсан. Өөрөө юм оролдож үзсэн хүн” гэх юм бол хүнд арай өөр санагдана.

- ШИНЭ БИЗНЕС ЭХЛЭХДЭЭ ЮУН ДЭЭР АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Багаа сайн бүрдүүлсэн байхад бусад нь хамаагүй. Хэрэв чи шинжлэх ухааны шинэ нээлт хийхээр гайхалтай бизнес эхлүүлээгүй л бол багаа сайн бүрдүүл. Ямар ч баг бүрдүүлэлтгүйгээр надад ийм гоё санаа байна гээд яваад байвал удалгүй сарнина. Хүмүүстэй уулзаж, өөрийн бизнесийг танилцуулж, ижил сонирхолтой хүмүүсийг ол. Яг л ирээдүйн гэр бүлийн хүнээ сонгодог шигээ бодож багийн гишүүнээ сонгох хэрэгтэй. Чи нэг залуу дээр очоод хоёулаа хамт байя, чи ийм зүйл хийж чадна биз дээ гээд гэрлэдэггүй биз дээ. Эхлээд чи өөрийн үзэл бодлоо хэлнэ. Дараа нь нөгөө хүн чинь саналаа хуваалцан. Хэрэв та хоёр нэгэндээ таалагдвал, хоёулаа хайр гэдэг зүйлийн төлөө хамт явъя гэдэг биз дээ. Яг үүнтэй адилхан өнцгөөр харж бизнесийн багаа бүрдүүлэх хэрэгтэй.

- ТАНЫ БОДЛООР “Z” ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ?

“Z” үеийнхэн бол олон мэдээллийн эх сурвалж дунд амьдарч буй хүмүүс. Үзэх, сонсох зүйл ихтэй. Үүнийгээ дагаад бодол санаа нь хүртэл асар том тэлчихсэн. Өөрийн гэсэн үзэл бодолтой, хувь хүний хөгжлийг илүүд үздэг. Манай “Y” үеийнхэн бол аав, ээжийгээ авч явах, эгч ахдаа туслах гэх мэтээр гэр бүлээ илүүд үздэг.  Харин “Z” үеийнхэн энэ тал дээр анхаардаг ч гэсэн “би яаж бусдаас илүү байх вэ, энэ нийгэмд яаж ялгарах вэ, юу хийвэл би бусдаас онцгой болох вэ, яаж дуртай зүйлээ хийнгээ мөнгө олох вэ” гэдэг дээр илүү төвлөрдөг. Цахим хэрэглээний тал дээр гэвэл намайг 16 настай байх үед бид интернетийг чөлөөтэй хэрэглэдэг байсан. Хором.ком-оос эхлээд сайтууд нээгдээд эхэлчихсэн. Youtube үзэж, сайтуудаас хэрэгтэй мэдээллээ авдаг. Онлайнаар холбогдож ажлаа хийдэг болчихсон байлаа. Одоогийнхоос тийм ч айхтар том ялгаа байгаагүй. Хэрэглээний хувьд бага байсан байж магадгүй.

- “Z” ҮЕИЙН ЗАЛУУСЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ?

“Z” үеийн залуусын авууштай тал нь юунаас ч айдаггүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг. Ширээ цохиж босч ирээд “Энэ чинь инстаграммаар явах ёстой зүйл. Би хэдэн мянган дагагчтай” гэж орилдог шинж чанар бол тэдний хамгийн сайн давуу тал. Ийм хүн олж авах гэж том корпорацууд хуулирч байна шүү дээ. Харин сул тал нь гэвэл ажилд орохоор ирчхээд “энэ компани надад юу өгөх вэ” гэдгийг асуугаад байдаг. Компани чамд туршлага, ур чадвар, мэдлэг өгнө.  Ямар нэгэн зүйл өгөх нь тодорхой. Гэхдээ энэ зөвхөн нэг тал нь. Залуучууд “би энэ компанид юу өгч чадах вэ” гэдгээ эхлээд бодох ёстой. Аливаа зүйлийг нэг талаас нь харахаа боль гэж хэлмээр байна.

 “Z” үеийнхэнд гэж хэлэхэд өөрийгөө зөвхөн энэ үеийн хүн гэж хязгаарлах хэрэггүй. Бүгд л адилхан хүмүүс. Сэтгэл санаа, зан араншин, бодол нь өөр байх. Хиймээр байгаа зүйлээ заавал оролдож үз. Эхлүүлсэн бол тууштай байж, эцсийг нь хүртэл хөдөлмө.

Эх сурвалж: HumanZ.mn "GENZ ба БИ" булан. Сэтгүүлч: М.БААСАНДЭЛГЭР

Сэтгэгдэл бичих