АНУ, Европт эдийн засгийн хямрал нэгэнт эхлэжээ

       АНУ, Европт коронавирусээс болоод эдийн засгийн хямрал нэгэнт эхлэжээ.  Дэлхийн санхүүгийн тэргүүлэх байгууллагууд үүнийг тэмдэглэж байна. Тухайлбал, “Morgan Stanley” Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүн эрс буурна хэмээн таамаглаж байна. Хоёрдугаар улиралд энэ үзүүүлэлт даруй 30 хувиар буурч мэдэхээр байгаа ажээ.

Эдийн засаг хичнээн том байх тусам, уналт илүү ноцтой байх болно. АНУ-д коронавирусээс болоод Их уналтын үеэс хойш хамгийн их алдагдал хүлээнэ гэж шинжээчид таамаглаж  байна.  Тус улс  5 сая хүртэл ажлын байргүй болж мэднэ. Цар тахлаас эмээж байгаагаас болоод давын өмнө аялал жуулчлал болон үйлчилгээний салбар хэрэг дээрээ зогсонги байдалд оржээ.

            АНУ-д нисэх онгоцны тасалбарын эрэлт хамгийн их буюу бараг 80%-иар буурсан байна. Зочид буудал, ресторан асар их алдагдал хүлээж байна.  Тэгээд ч төрийн дэмжлэггүйгээр тэсч үлдэж чадахгүй гэдгийг бизнесийн төлөөлөгчид мэдэгдэж байна. 

АНУ бусдаас илүүтэйгээр, гэхдээ түүний хамт Их Британи, Япон ч хохирч байгаа юм. 

Европын холбооны томоохон эдийн засаг болох Германы эдийн засаг коронавирусээс болоод 700 гаруй тэрбум еврогийн хохирол амсаж мэднэ. Тус оронд бараг 2 сая ажлын байр байхгүй болно гэж шинжээчид ярьж байна.  Энэ нөхцөлд  Европ тив хэдийнэ уналтад ороод байгааг олон шинжээч дурдаж байна. Харин зарим нь уналт хэзээ хэзээгүй ирнэ гэцгээж байна.

           “Эхний хагас жилийн үзүүлэлт маш муу байх болно хэмээн би бодож байна. Европ эдийн засгийн уналтад орж, энэ нь европын эдийн засаг бүхэлдээ  энэ жил  хасах үзүүлэлттэй гарахад хүргэнэ. Гэхдээ сүүлийн хагас жил Европын хувьд өсөлтийн нааштай үзүүлэлт гарах байх хэмээн би харж байна” гэж Европын төв банкны дэд дарга Луис де Гиндос тэмдэглэжээ.

        Тийнхүү дэлхийн нийт эдийн засагт коронавирусийн үзүүлэх нөлөө  удаан үргэлжлэх нь нэгэнт тодорхой байна. Олон улсын валютын сангийн удирдлага ч энэ тухай ярьж байна. Өнөөгийн хямралын уршигийг арилгах ажил нэг биш жил үргэлжилнэ гэдэгт бэлэн байхыг тус сангийнхан уриалжээ.

Ингэхдээ коронавирусийн тархалт хурдасч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих