“Мэс ажилбар хийлгэснээ олон нийтэд зарласан хоёр дахь хүн нь би байх”

Фэйсбүүкийн “Гоё хоолтой газар хаана байна” группын админ, маркетер, "Unicorn" кафе-н захирал Б.Энхсарантай ярилцлаа.

-Та онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан юм билээ. Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

- Нэг жилийн өмнө Тайваньд амьдарч байхдаа онгоцны үйлчлэгч болох шалгаруулалт хаана яаж болдог талаар зургаан сарын турш судласан. Анкет авч байна гэдгийг дуулаад шууд л 7 хоногийн дараа Монголд очсон байхаар тооцож онгоцны билетээ захиалсан. Сонссон хүмүүс итгэхгүй “ингээд л бүх зүйлээ хаяад явчихлаа гэж үү” хэмээн их асууж байсан. Мөрөөдөх, мөрөөдөлтэй байна гэдэг үнэхээр сайхан. 2017 оны зургадугаар сарын 11-нд Тайваньд “Qatar airline”-д ороод нэг, хоёрдугаар шатандаа тэнцээд, гуравдугаар шатнаасаа хасагдаж байсан. Их туршлага болсон доо. Бараг л орон орны 3000-4000 охидтой өрсөлдөнө гэдэг амаргүй даваа байсан. Түүнээс нэг жилийн дараа буюу 2018 оны зургадугаар саны 11-нд “Хүннү Эйр”-т ажиллахаар болсон юм. Үнэхээр гайхалтай. Миний мөрөөдөл биелсэн мөч. Хүмүүс онгоцны үйлчлэгчдийг цай, кофе зөөхөөс өөр юу ч мэдэхгүй гэж их ярьдаг юм байна лээ. Үнэн хэрэгтээ таныг татаад унахад, ухаан алдахад, ямар нэгэн осол болоход таныг аврах гол хүмүүсийн нэг нь шүү дээ.

Бас дурдахгүй байхын аргагүй хүмүүс бол миний хоёр эрэгтэй сургагч багш. Анх эрэгтэй хүн юу заах юм бол оо гэж гайхаж байсан. Гэтэл үнэхээр мундаг багш нар байсан. Надад яг л охин шигээ хандаж, олон хэрэгтэй зүйл зааж өгсөн хүмүүс дээ.

Манай ахлах үйлчлэгчдийн нэг, надад анкет авч байна гэдэг мэдээг анх дуулгасан нэгэн гайхалтай эмэгтэй бий. Тэр хүнээс би үлгэр дуурайлал авдаг. Мундаг тууштай хүн бий. Энэ ярилцлагаар дамжуулж чин сэтгэлээсээ баярлаж явдаг гэдгээ хэлье. Тэр хүнгүйгээр би мөрөөдлөө биелүүлж чадахгүй байсан юм шүү. Одоогоор би өөрийн үндсэн мэргэжил болох маркетингийн чиглэлээр ажиллаж байна.

Хүмүүс намайг “Эрхсаран” гэдэг нэрээр минь илүү мэддэг. Харин миний иргэний үнэмлэх дээрх нэр Б.Номин-Эрдэнэ. “Эрхсаран” бол ээжийн минь намайг өхөөрдөж дууддаг нэр. Энэ нэрэндээ би маш их хайртай. Анх фейсбүүкийн хаяг нээж байхдаа л “Эрхсаран” гэж нээж байсан юм. Хувь хүн талаас харвал би их хатуу хүн. Тийм ч уян зөөлөн хүн биш. Хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг. Б.Номин-Эрдэнэ гэдэг хүнээ гээж, хуурамч аашаар жүжиг тавьж чаддаггүй минь зарим хүмүүст хүндээр тусдаг байх. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш шүү дээ.


-Сошиал орчинд та их эерэг хүн шиг санагдлаа. Сошиалыг хэрхэн ашигладаг вэ?

- Би ер нь л нийгэмд болж буй муу зүйлсийг шэйрлээд, хүмүүст сурталчилж, нийтлээд байхыг хүсдэггүй. Сэтгэл өвдөөд байдаг юм. Миний бодлоор ямар нэгэн муу, сөрөг зүйлийн талаар би шэйр хийлээ гээд нөхцөл байдал дээрдэхгүй. Харин ч улам даамжрах шиг санагддаг. Муу мэдээ надаар дутахгүй шүү дээ. Харин энэ зүйлийг би эсэргүүцэж байна. Үүнийг шийдэх гарц нь энэ байна гэсэн агуулгатай нийтлэлийг хүмүүст түгээх юмсан гэж боддог. 

-Уруулаа гоё болгох мэс ажилбар хийлгэсэн байна лээ. Ихэнх бүсгүйчүүд мэс ажилбар хийлгэснээ нуудаг шүү дээ. Энэ талаараа яривал?

- Энэ маш гоё асуулт байна. Би хатуу, ширүүн зантай ч нөгөө талаасаа нээлттэй, яриасаг, инээд муутай хүн л дээ. Уруулын мэс ажилбарт орсноос хойш хамаагүй инээж чадахгүй жаргаад ч байгаа юм шиг, зовоод ч байгаа юм шиг хөгжилтэй байсан.

Гадаадын олон влоггэрууд ийм төрлийн влогыг чөлөөтэй хийдэг. Монголд ийм төрлийн влог хийсэн хоёр дахь хүн нь би байх. Өмнө нь загвар өмсөгч Сэлэнгэ мэс ажилбар хийлгэснээ зарлаж байсан. Тухайн үед тэр үйлдэл нь надад их таалагдаж байсан.

Би гоо сайханы группын гишүүдтэйгээ мэс ажилбар хийлгэсэн талаараа нээлттэй ярилцдаг. Энэ нь надад санаа зовж, ичихээр зүйл шиг санагддаггүй. Хүн нэг л амьдарна. Хийж үзмээр байгаа бүхнээ туршиж үзэх л хэрэгтэй. Уруулаа янзлуулсаны дараа намайг олон эмэгтэйчүүд үзэн ядаж, бас урам хайрлаж байсан. Мэдээж дийлэнх нь урмын үг. Үзэн ядагчдыг би огт сонирхдоггүй. Тэд байгаа байрнаасаа хэзээ ч холдохыг хүсдэггүй юм шиг санагддаг учраас би тоодоггүй. Уруулын мэс ажилбар хийлгэсэн минь миний хийсэн зөв сонголтуудын нэг нь. Би дахиад 10-аад жилийн өмнө оёулж байсан давхраагаа засуулах гэж байгаа. Олон хүн яах юм бэ, зүгээр л байна шүү дээ, шунал чинь дэндлээ гэдэг. Харин ч над шиг тавгүй байдалтай олон эмэгтэй байдаг байх. 10 жилийн өмнө оёулсан давхраа маань хоёр өөр, зовхио буулгахад оёдол нь мэдэгддэг, нүдээ анихад ус гүйсэн юм шиг маш муухай харагддаг. Ер нь л нүдээ маш зөв будаж, деффектээ нуухгүй бол болдоггүй гэсэн үг. Гэтэл би насаараа тийм залхуутай ажил хийж, хайран цагаа үрмээргүй байна шүү дээ. Мөн энэ нь өөртөө итгэлтэй байхад хүртэл нөлөөлнө. Би хамаагүй доошоо харж болохгүй шүү, нүдээ контурдахгүй л бол болохгүй байна гээд санаа зовох зүйл их байдаг юм.


-Гоо сайханы мэс ажилбар хийлгэхээр төлөвлөж буй олон эмэгтэй байгаа байх. Тэдэнд зориулж бяцхан зөвлөгөө өгөөч?                                                                                         

- Хүн хүний бие, арьсны онцлог өөр учраас эмчтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Олон бүсгүй надаас чамд юу гэж хэлсэн бэ, юу хэрэглэ гэнэ вэ гэж асуудаг. Би тэр хүмүүст мэргэжлийн эмчтэйгээ л уулзах хэрэгтэй гэж хэлдэг. Надад тохирсон эм тэр хүнд тохирохгүй, харшилна гэх мэт асуудал гарна. Тиймээс хамаагүй зөвлөгөө өгч болохгүй байх. Гэхдээ сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн байх хэрэгтэй. Хагалгааны өмнө болон дараа нь хүн хоёр өөр сэтгэл зүйтэй байдаг юм билээ. Өмнө нь би хичнээн сэтгэл зүйгээ сайн бэлдсэн ч зүрх дэлсэж, гар салгалаад, хөл хөлрөөд аймар байсан. Харин эмч тайвшруулах эм өгч, надтай ойр зуурын зүйл ярьж эхэлсэн. Мэдээ алдуулах тариа орлоо шдээ гэж бодож айсныг эс тооцвол огт өвдөлтгүй байсан. Мэдээ алдуулах гарахад өвдөх болов уу гэтэл ямар ч өвдөлт мэдрээгүй.

Гам сайн барих хэрэгтэй. Хацартаа хонхорхойтой болох хагалгаанд орсон охин тамхи татдаг. Түүнийгээ тэвчиж чадахгүй татаад, идээлүүлж байсан гэнэ лээ. Харин миний хувьд хоол. Ёстой хэцүү байсан. Амттай гоё хоол идмээр байдаг. Амаа хамаагүй ангайж болохгүй. Дандаа л шөл уусан даа. Хамгийн гол нь дархлаа сайн байх хэрэгтэй. Би залуу хүн юм чинь зүгээр гэж бодоод шөнө унтахгүй ажлаа хийж их суудаг байсан. Энэ нь маш том алдаа. Ядаж байхад миний онгод шөнө ордогийг хэлэх үү. Оёдолоо авхуулах үед өвдөж байсан. Гэтэл өвдөх ёсгүй байсан юм билээ. Дархлаа сул учраас эдгэрэлт удаан байсан. Хүмүүс “яасан удаан эдгэрдэг юм бэ” гэдэг байсан. Энэ чинь зовхины арьс биш. Шир шиг хатуу арьс байдаг гэсэн гэж хариулдаг байлаа.

Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс хүртэл давхраа оёулж, хөмсөгөө шивүүлж байна. Гэтэл танидаг залуу маань намайг “царайлаг хүмүүсийг хоёр ангилдаг. Эхээс төрсөн, мэс заслын эмнэлэгийн орноос төрсөн” гэж хэлсэн. Надад арчаагүй эр мэт санагдсан. Танихгүй хүн бол яахав. Танидаг хүн тийм зүйл бичихээр их хүнд тусдаг юм билээ. Тэгэхээр хагалгааны дараах сэтгэл зүйд өөрөөс нь гадна хүмүүсийн гаргаж буй хандлага их нөлөөлдөг.

-Таны цахим хуудсыг үзэхэд арааны шүлс асгарам амтат хоолны зураг олон байна лээ. Хоолны соёл, амттай хоол амтлах нь таны хобби юу?

- Хоол бол миний хобби бас ажлын нэг хэсэг. Олон хүн хоббигоо ажил болгож жаргалтай байна гэхийг уншаад ийм зүйл байдаг гэж үү гээд гайхдаг байсан. Миний “Гоё хоолтой газар хаана байна” групп бол хоолны соёлыг түгээх нэг төрлийн суваг. Манай группт хүмүүс хоолны тухай мэдээлэл солилцдог. Тухайн хүний идсэн хоолны үнэ, хаяг, орчин болон үйлчилгээг үнэлдэг. Энэ группын соёлыг гишүүддээ суулгах гэж долоон жил зарцуулсан гэхэд буруудахгүй. Эсрэгээрээ муу үйлчилгээтэй, гоё гэж худлаа магтаад байгаа газруудыг групптээ нийтэлж, бусдыг цаг, мөнгөө битгий дэмий үрээсэй гэсэн утгатай нийтлэл бас бий. Тэгэхээр нэг ёсондоо манай группын соёл нь үнэ, хаяг, үнэлгээ бичдэг гэсэн үг юм. Ийм соёлтой групп тийм ч олон байдаггүй байх. Манай групп үйлчлүүлэгч, ресторан хоёрыг холбох гүүр болж өгдөг.

-Залуу хүний хувьд үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?

- Өөрөөсөө яг одоо би юу хийгээд байна вэ гэж асуугаад үзээрэй. Хэрэв ам бардам хариулж чадахгүй байгаа бол энэ байгаа байрнаасаа нэг алхам дээшлэх хэрэгтэй шүү гэж хэлэхийг хүсдэг. Бидний үеийн олон мундаг залуус байгаа шүү дээ. Мөрөөдөлтэй байна гэдэг хамгийн сайхан. Түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Шантралгүй зүтгэсэн хичээл зүтгэл заавал таныг эргүүлж шагнах болно.

-Та мөрөөдлийн тухай их ярих юм. Бидэнд мөрөөдлийнхөө тухай ярьж болох уу?

- Миний хоолтой холбоотой мөрөөдлүүд их гоё биелдэг. Солонгос кинон дээр жантай гоймон их амттай харагддаг байлаа. Жантай гоймонг Солонгост л очиж идмээр байна гэсэн мөрөөдөл минь биелсэн. Герман Донер гээчийг Германд нь л идмээр байна. Далайтай оронд л сүши идмээр байна. Сингапурын “Marina Bay”-ын ресторанд л хоол идмээр байна гэсэн мөрөөдлүүд бүгд биелсэн. Хамгийн гоё нь Экипажийн хоол идэж үзэх юмсан гэсэн чинь “Хүннү Эйр”-т байхдаа идээд үзчихсэн. Одоо харин Дубайд очиж хоол идэж үзэх юмсан гэж мөрөөдөж байгаа. Зарим гишүүд маань "очиж чадахгүй, боломж байхгүйгээс хойш мөрөөдөөд ч яах юм" гэдэг. Тэр үед би энэ жишээгээ хэлж, урам өгөх дуртай.

ЭХ СУРВАЛЖ: HumanZ.mn сайт.

COFFEE TIME булан.

Сэтгүүлч: М.БААСАНДЭЛГЭР

Сэтгэгдэл бичих