Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкинд хууль бусаар байршуулж байсан нь тогтоогдлоо



Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Ч.Алтанхуяг, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

  Тодруулбал ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Чингис хаан” банкинд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулж, улмаар үүнийхээ хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогджээ.

 Иймээс ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгсөн, авсан гэм буруутайд тооцсон ба "Чингис хаан" банкинд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.  Мөн тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн төрд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэжээ.

Сэтгэгдэл бичих