МУИС-ийн оюутнууд цахим хичээлийнхээ өмнөх даалгавруудыг дөрөвдүгээр сарын 15-ны дотор нөхөн өгөх боломжтой

Монгол Улсын их сургуулийн оюутнууд цахим сургалтын талаар олон санал, гомдол гаргаж байгаа аж.

Тиймээс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар аудио хэлбэрээр өчигдөр /2020.03.30/ тайлбар, мэдээлэл өгчээ.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "Дэлхийн хэмжээнд нэг ч сургууль үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Харин сургалтын хэлбэрийг танхимаас цахимд шилжүүлсэн гэдгийг ойлгоно уу. Энэ нь МУИС-ийн хувьд томоохон сорилт болон тулгарсан. Гэнэт шийдвэр гарсанд манай оюутнууд болон багш нар бэлтгэлээ бүрэн хангаж амжаагүй байв. Гэсэн хэдий ч цахим сургалтыг бусад сургуулиас өндөр түвшинд зохион байгуулж байгаа 700 гаруй багш, цахим сургалтыг ойлгож, хичээлээ идэвхтэй хийж байгаа 13,000 оюутандаа талархлаа илэрхийлж байна" хэмээв.

Харин цаашид хийхээр төлөвлөсөн зохион байгуулалтын ажлыг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг танилцууллаа.

Аудио тайлбараас онцлон хүргэж байна. Бүтнээр нь сонсохыг хүсвэл энд дарна уу.

    Бид нөхцөл байдалд уялдуулан даалгавартай холбоотой хоёр шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, даалгаврын гүйцэтгэх хугацааг цахим сүлжээ, цахим орчны хэрэглээ, бололцооноос хамааран 14 хоногоос доошгүй хугацаатайгаар оюутан суралцагчдад даалгаврыг үүсгэх тухай чиглэлийг өгсөн. Хоёрдугаарт, олон оюутны ирүүлсэн хүсэлтэд үндэслэн багш нарын хоёр, гуравдугаар сард үүсгэсэн хичээлүүдийн даалгаврыг нөхөж өгөх бололцоог системд бий болгосон. Өмнөх хичээлийн даалгаврыг нөхөж өгөх хугацааг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэж заалаа.
    
    Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу цахим орчны хүртээмж, сүлжээний хүчин чадлаас шалтгаалан хичээлд оролцож чадаагүй суралцагчдын хүсэлтийг шийдвэрлэнэ. Онцгойлон, сүлжээ, хүчин чадлын онцлог байдлыг харгалзан үзэж сумын харьяалалтай суралцагчдын хүсэлтийг шийдвэрлэх юм. Хотын, аймгийн төвийн харьяалалтай суралцагчид энэ боломжийг нээж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Үүнийг бид боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.
    
    Хичээл цуцлуулах хүсэлт гаргаж буй суралцагч нь Элсэлт, бүртгэлийн хэлтсийн elseltburtgel@num.edu.mn цахим шуудан руу хүсэлтээ илгээнэ. Хүсэлтийг илгээхдээ өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг /харьяаллыг нягтлах тул/ хамтад нь илгээх ёстой. Энэ хүсэлтийг хүлээж аваад холбогдох багштай зөвшилцөн хичээлийг цуцлах шийдвэрийг гаргана.
    
    Нэгдсэн төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй. Зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд төгсөх арга хэмжээ дууссан байна.
    
    Зургаадугаар сард танхимын сургалт хэвийн үргэлжилж байна гэж үзсэн учраас Үйлдвэрийн дадлагын хугацаанд өөрчлөлт оруулахгүй.
    
    Дадлага сонгосон оюутнууд гуравдугаар улирал буюу зуны улиралд нэмэж сонгох бололцоог олгож байна. Багшлах дадлага бол ерөнхий боловсролын сургуульд явагддаг онцлогтой. Хуваарь ёсоор тавдугаар сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлнэ. Тодорхой хуваариар багшлах дадлага маань онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Түүнчлэн нөхцөл байдалтай уялдуулан дадлагыг дараагийн улиралд шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх зохицуулалт хийж байна.
    
    Бакалаврын болон магистрын ажлыг цуцлаад дараагийн улиралд шилжүүлэхэд шимтгэл авахгүй.
    
    Энэ жил төгсөх гэж буй бакалаврын түвшний оюутны хувьд тэнхим, холбогдох нэгжүүдтэй нь холбогдож судалгааны ажлын нөхцөл байдлыг тодруулах судалгаа хийгдэж байна. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн судалгааны ажлаа хийх боломжгүй суралцагчийг дараагийн улиралд шилжүүлэх, судалгааны ажлын онцлогоос нь шалтгаалан зөвхөн практик дадлага хийж хамгаалдаг нэгжүүдийн хувьд тэнхимтэй нь ярилцаж практик дадлагыг онол, мэдлэгтэй нь хослуулсан хэлбэрээр зохион байгуулах бололцоотой нэгжүүдэд өөрчлөх чиглэл өгч байгаа. Дадлага туршлага хийх боломжгүй, энэ жил төгсөх суралцагчдыг ойролцоо агуулгатай хичээлд шилжүүлэх замаар энэ асуудлыг шийднэ.
    
    Багш нарт СИСи систем болон бусад платформыг ашиглахдаа тухайн хичээлийн жилд олгогдож байгаа лекц болон семинарын материалыг хангалттай хугацаанд нээлттэй байлгаж, оюутан танилцах бололцоог олгох тухай чиглэл өгсөн.
    
    Байгаль-Эх лицей ахлах сургуулийн төлбөрийн буцаалт, хөнгөлөлт гэсэн асуудал байхгүй. БЭЛАС-ийн сургалтын үйл ажиллагаа тухайн багш нарын оролцоотойгоор, мөн цахим хэлбэрээр, нэмэлт сургалтын цагтай гаар явагдаж байгаа. Тийм учраас төлбөрийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй.
    
    Оюутан цэргийн бүртгэл цахимаар явагдаж дууссан. Энэ жил МУИС-ийн хувьд нийт 90 оюутны квот ирж, хүсэлт гаргасан оюутнуудыг шийдвэрлэн Нийслэлийн цэргийн хэлтэс рүү хүргүүлсэн.
    
    Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан лабораторийн хичээлүүд танхимаар орох боломжгүй, багтахгүй болж байгаа учраас 4 дүгээр сард багтаагаад холбогдох оюутнуудад дадлагын хичээлийг хэрхэн хийж буй талаар видео, удирдамж, гарын авлагыг хүргүүлэх тухай чиглэл өгсөн. 4 дүгээр сард энэ материалууд оюутны гарт хүргэгдэнэ. 5 дугаар сард танхимын сургалт эхэлмэгц лабораториудад чөлөөт цагийн хуваариар орох бололцоог суралцагчдад нээнэ. Өөрөөр хэлбэл тухайн суралцагч ажлын цагаар дуртай цагтаа очиж туршилтаа хийх бололцоог олгоно. Тухайн лабораторийн хичээлийг удирдаж буй багш лекцийн цаг дээрээ тухайн хичээлийн бататгах тойм лекц болоод заавар, удирдамжийг өгөх хэлбэрээ оюутнуудтай харьцаж явна.
    
    Хавар шинээр элсэх гадаад оюутнуудыг намрын улиралд шилжүүлнэ. Үргэлжлүүлэн суралцаж буй гадаад оюутны хувьд өөрөө хүсэлт гаргавал дараагийн улиралд хичээл сонгох бололцоо олгож төлбөрийг нь дансанд нь шимтгэлгүйгээр үлдээх боломж олгож байна.
    
    Докторын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтыг хорио цээрийн дэглэмийг баримтлан ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, хамгаалуулах зөвлөлийн 15 гишүүн болон докторын зэрэг хамгаалагчаас бусад гадны хүн оролцуулахгүйгээр хийх тухай БСШУСЯ-тай зөвшилцөн шийдвэрлэсэн.
    
    Багш нарын Б, В цагийн ачааллыг 50 хувиар бууруулсан.
    
    Явцын шалгалт дөрөвдүгээр сарын 20-24-ний хооронд тавигдсан. Явцын шалгалтыг зайлшгүйгээс бусад тохиолдолд хичээлийн даалгаврын гүйцэтгэл, үнэлгээнд үндэслэн тухайн үнэлгээнд шингээж тооцох тухай удирдамжийг багш нарт хүргүүлсэн. Зайлшгүй авах тохиолдолд хэрхэн авах тухай удирдамжийг тусгайлан хүргэнэ.
    
    Төгсөх оюутнуудад дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөрийг буцаан олгоно. Үргэлжлүүлэн суралцах оюутны хувьд дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөрөө цаашид сургалтын болон дотуур байрны төлбөрт ашиглах бололцоотой гэж шийдвэрлэсэн.
    
    Цахим сургалтад шилжсэнтэй холбогдуулан Номын сан удирдамж гарган ажиллаж байна. Энэ хугацаанд гэрээр ном олгох, буцаах үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. нэгдүгээр сарын 27-оос гуравдугаар сарын 27-ны хооронд цахим ном болон магистрын цахим ажлын хувьд нийт 91,450 хандалттай байна. Үүнийг сараар нь авч үзвэл нэгдүгээр сард 18,500 орчим хандалт, хоёрдугаар сард 28,900 орчим, гуравдугаар сард 44,000 орчим хандалт хийгджээ. Үүнээс харахад оюутан суралцагчид мань цахим сургалт эхэлсэн эхний сард цахим сангуудад хандах хандалт бага байсан бол яваандаа цахим сургалтанд чадваржиж цахим санг ашиглах эрэлт хэрэгцээ ихэсжээ. Гэрээр олгох үйлчилгээ буюу цаас номын хувьд нийт 13,042 оюутанд үйлчилгээ үзүүлсэн байна.
    
    Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн Юнителийн дугаартай хэрэглэгч МУИС-ийн сургалтын системд хандахад дата төлбөр тооцохгүй болно. Одоо холбогдох тохиргоо хийгдэж байна.

 Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль

Сэтгэгдэл бичих