Ө.Энхтүвшин: Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчийн 56 нь дамжин ирлээ

                           Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.

      Гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд өнгөрсөн хугацаанд нийтдээ найман онгоц нисгэжээ. Ес дэх онгоцыг хүлээн авах ажиллагааг үргэлжлүүлж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Ес дэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэл рүү нислэг үйлдэх аж.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр 266 зорчигч ирсэн бол нисэх багийн долоон гишүүн яг одоо бууж байна. Бүгдийг тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд байлгана.

Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад 126 албан хаагч оролцож байна. Цагдаа, онцгой, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө.

"Говь хангай" амралтын газарт тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй, улс даах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тиймээс нэрс гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид иргэдээ Япон улсад байхад нь оношлох хүсэлт тавьсан ч Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Япон улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичигт "Японы нутаг дэвсгэрт оношилгоо үзүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүйг мэдэгдье" гэсэн. Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд иргэддээ оношилгоо хийлгэх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан, бас хүлээн зөвшөөрөөгүй.

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчийн 56 нь дамжин ирлээ. АНУ-д суралцаж байсан оюутнууд, мөн Европын орноос иргэд дамжин ирсэн. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа. Яаралтай шинжилгээнд оруулна. Бүх иргэдээ оношилгоонд оруулна. Хэд, хэдэн оношилгоонд оруулж байж, 21 хоногийн тусгаарлалтаас гаргах эсэхийг шийднэ.  Бүх зүйл хяналтад байна.

Сэтгэгдэл бичих