Өнгөрсөн бүхнийгээ огт мартдаггүй эмэгтэй

        Америк эмэгтэй Жилл Прайс бол өөрт нь тохиолдсон явдлыг тодорхой эргэн санадаг хамшинж буюу гипертимези гэсэн оноштой дэлхийн анхны хүн гэнэ.  Дэлхийд албан ёсоор батлагдсан ийм онош бүхий хүн ердөө 60 байдаг байна. 

   Жилл найман наснаасаа эхлэн амьдралынхаа өдөр бүрийг нэгд нэгэнгүй санадаг аж.  Одоо тэр 54 настай. Эдгээр дурсамж нь  түүний хүсэл зоригоос үл шалтгаалан санаанд нь байнга орж ирдэг байна. “Энэ нь  хоёр хуваагдсан дэлгэцтэй адилхан гэмээр, нэг талд нь одоо үе, нөгөө талд нь өнгөрсөн үе  байнга харагдаж байдаг. Ямарваа аар саархан зүйл ч ингэж эргэн санахад хүргэдэг” гэж Прайс ярьдаг байна.

    Хэрвээ  эмэгтэй  энэ тухайгаа мэдэгдээгүй бол, эрдэмтэд ч гипертимези байдаг тухай өнөөг хүртэл  анзаарахгүй байх байсан нь мэдээж.  Жилл Калифорнийн их сургуулийн доктор Жеймс Макгод захидал бичжээ. Макго тэгэхэд ой санамжийн нейробиологийн судалгааны төвийг удирдаж байж. “Энэ бол эмнэлэг биш, харин судалгааны хүрээлэн гэж  тэр эелдэгхэн хариулаад,  энэ салбарын сайн эмчийг зааж өгөхийг санал болгосон байна. Өөрт нь Прайсын бичсэнийг доктор өнөөдөр ч санаж байгаа аж. “Би хаа нэгтээ ямар нэг  огноог олж харвал, бодол санаагаараа тэр өдөрт  агшин зуур очиж, би хаана байсан, хэнтэй, юу хийж байсан зэргээр бүгдийг санадаг.  Ийм явдал эцэс төгсгөлгүй, ямар ч хяналтгүй үргэлжилдэг нь ёстой хэцүү.  Энэ нь хэн нэгний хувьд авъяас юм шиг байж болох ч, миний хувьд бол  ёстой хүнд дарамт. Тархи маань миний амьдралыг эхнээс нь аваад, эцсийг нь хүртэл өдөр бүр сануулдаг. Энэ нь намайг  бүр солиоруулж  орхидог!!!” хэмээн эмэгтэй бичжээ.

       Тэгээд ч Макго энэ явдлыг сонирхжээ. Тэрээр Жиллтэй уулзахдаа,  олон судалгаа хийж,  түүний үнэн  ярьж байгааг мэдэж авсан байна.  “Ой санамж бол ирээдүйд хүрэх бидний гүүр” хэмээн Макго байнга хэлдэг байна.  Харин Жиллийн хувьд бүх зүйл өөр. “Миний ой санамж миний амьдралын нэг биш арван жилийг үймүүлж, намайг бүр цөхрөлд оруулдаг” хэмээн Прайс нотлодог аж. 

Юу гэвэл, хайртай нөхөр нь  2005 онд нас барсан үеэс хойш  тэрээр элдэв хэцүү дурсамжинд өнөөг хүртэл дарагдсаар байдаг болсон гэнэ. Тэрээр хамт амьдарсан аз жаргалтай мөчүүдийг төдийгүй, нөхрийгөө нас барахад түүний нүд дүрлийн харж байсныг нь  ч байнга санадаг ажээ. 

Тиймээс, тийм хүмүүс бүгдийг санаж байдаг нь биш, харин бид мартаж байдаг нь энд хамгийн чухал юм.  Юу гэвэл  мартах нь хүний тархины хувьд зүй ёсны төдийгүй, амин чухал зүйл. Орчин үеийн сэтгэл судлалыг үндэслэгчийн нэг Уильям Жеймс энэ тухай хэлэхдээ, “бидний мартаж байгаа болон бидний огт эргэн санахгүй байгаа зүйлийн хосгүй нийлбэр нь бидний сэтгэлгээний хөлөг онгоц баригддаг яг тэр суурь хөндлөвч гэсэн үг. Хэрвээ бид бүхнийг эргэн санаад байгаа бол, огт юу ч санахгүй байгаатай адилаар бидний хувьд мөн тийм аюултай юм” гэжээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ө - 202.9.40.292020-04-04 17:55:38

мундаг юм аа Монголчууд 4 байтугай 1-2 жилийн өмнөхийг мартаад л сонгоод байдаг