Covid-19: Халдвар авсан 30-40 насныхан гэнэт цус харваж байна

Коронавирусийн халдвар уушгийг гэмтээхээс гадна судасны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цусанд орсноор бүхий л эд эрхтнүүдийг гэмтээж байж болзошгүй талаар судалгааг бид өмнө нь мэдээлсэн.


Тэгвэл энэхүү халдвар нь хүний цусыг өтгөрүүлж, гэнэтийн цус харвалт үүсгэж байгааг Нью Йорк дахь Синайн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүл анхааруулж байна. Түүнчлэн цус харвасан өвчтөнүүдийн дийлэнх нь 30-40 насныхан байгаа аж. Сүүлийн үед ийм төрлийн оноштой хүний тоо огцом нэмэгдэж байгаа гэнэ.


Тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Томас Оксли ба түүний багийнхан өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвартай, цус харвасан таван өвчтөнийг хүлээн авчээ. Тэд бүгд 50-иас доош насныхан байсан ба зарим нь ямар ч шинж тэмдэггүй, зарим нь хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй өвчтөнүүд байжээ.


“Манай эмнэлэгт сүүлийн хоёр долоо хоногт ирсэн залуу өвчтөнүүдийн дунд цус харвасан хүний тоо долоо дахин нэмэгдсэн. Эдгээр өвчтөнүүдийн ихэнх нь суурь өвчлөлгүй хүмүүс байсан. Зарим нь коронавирусийн ямар ч шинж тэмдэггүй, зарим нь хөнгөн хэлбэрээр өвдөөд гэртээ тусгаарлагдаж байсан хүмүүс байсан” хэмээн доктор Томас Оксли ярьсан байна.


Иймд нүүр ам гэнэт бадайрч сулрах, хүний яриаг ойлгохгүй болох, хэл ярианд өөрчлөлт орох, гэнэт толгой хүчтэй өвдөх, биеийн нэг тал мэдээ алдах, толгой эргэж дайвалзах зэрэг харвалтын шинж тэмдэг илэрч буй эсэхийг сайтар ажиглаж, хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламжийн 911 дугаарт залгахыг сануулжээ.


Эх сурвалж: CNN news.mn

Сэтгэгдэл бичих