Хүүхдүүддээ "Корона, Ковид" гэсэн нэр өгчээ

Оросын Новокузнецк хотын нэг айл хүүхэддээ Ковид гэсэн нэр өгчээ. Энэ нь олон хүнийг цочирдуулсан байна. "Хүүхдэдээ ийм нэр өгсөн нь дэлхий нийтийг хамарсан Covid-19 шиг хүчтэй болгохыг хүсч байна" гэсэн эцэг, эхийн коммент нийгмийн сүлжээнд гарсан байна. Гэвч энэ нь дөрөвдүгээр сарын нэгний "молиго" байсан нь удалгүй тодорхой болжээ. 

Харин Энэтхэгт нэгэн эцэг, эх хүүхдэдээ үнэхээр тийм нэр өгсөн байна. 2020 оны гуравдугаар сарын 20-нд тэднийх ихэр хүү, охинтой болжээ. Аав, ээж нь хоёр хүүхдэдээ ямар нэр өгөхийг удтал бодсоны эцэст охиндоо Корона, хүүдээ Ковид гэсэн нэр өгье гэсэн санаа төржээ.

Энэ удаа эцэг, эхийн коммент үнэний хувьтай бөгөөд хүүхдүүд нь цар тахлын үед төрсөн учир аюулт вирусийг сануулж байх болно гэдгээр тэд өөрсдийн сонголтыг тайлбарлаж байгаа аж. Ихрийн ээж Прити Верма тайлбарлахдаа "Сануулж байгаа маань ойлгомжгүй нь үнэн. Гэхдээ коронавирусаас болоод хүмүүс цэвэрч болж, ариун цэвэртээ илүү анхаарал хандуулах болсон. Тэгээд л бид хүүхдүүддээ Корона, Ковид гэсэн нэр өгсөн юм” гэжээ.

Гэхдээ цар тахал намдахаар хүүхдүүдийнхээ нэрийг сольж болох юм гэж тэд хэлсэн байна.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих