Цахим хөлбөмбөгийн тэмцээн болно


Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын электрон спортын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Өнөөдөр /2020.05.06/ болсон хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцлоо.   

Хамтын ажиллагааны гол зорилго нь “Монголын Электрон Спортын Холбоо” болон “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” хамтран өөрсдийн спортын онцлог, давуу тал зэргийг хоёр талаас уялдуулан, Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, нөгөө талаар электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчлах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулах зэргээр хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангаж өгөх юм.

Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатуудад цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохиогдох цахим тэмцээн олгоно. Эхний шатанд МХБХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА тоглоом сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулагдах юм. 

Эцэст нь эдгээр тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-нд өрсөлдөх эрхийн эзэн болох юм.

Сэтгэгдэл бичих