Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд ОУСК-тай хамтарна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр цахим хэлбэрээр үзэглэлээ.


Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, ялангуяа ногоон бонд гаргахад чиглэсэн заавар, зөвлөмжийг боловсруулах, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм болон засаглалын шаардлагыг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалтай холбоотой эрсдлийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх юм.


Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх санамж бичгийн тухайд Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, факторингийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн талаар мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах боломжийг нэмэгдүүлэх юм.


Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын санхүүгийн салбарт байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагууд хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чадавх дээшилж, тэдгээрийн зээлийн багц төрөлжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох санхүүжилт нэмэгдэх, санхүүгийн хүртээмжийг сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаа хөгжих боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих