“Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлтээр 1.5 тэрбум ам.доллар шаардагдана

“Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлтээр дунджаар 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж магадгүй байгаа талаар “Turquoise Hill Resources” мэдээллээ. Мөн анхны олборлолтоо эхлэхэд 21-29 сарын хугацаа болно гэж урьдчилан тооцоолж байна.


Мөн цар тахлын нөлөөгөөр бүтээн байгуулалтын ажлын хугацаа илүү сунаж, шаардагдах хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй гэж таамаглажээ. Эдгээр тооцооллыг маш өргөн хүрээнд гаргасан боловч 2019 онд гаргасан тооцооллоос арай илүү нарийвчилсан гэдгийг “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлман мэдэгдлээ. Тус компани энэ оны дунд үе гэхэд хугацаа, нэмэлт хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээллийг гаргахаар төлөвлөж байгаа аж.


“Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт санхүүжилтийг 2015 онд 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Хэдий тийм боловч гүний уурхайн чулуулгийн өвөрмөц тогтцоос үүдэж бүтээн байгуулалтад нэмэлт санхүүжилт, хугацаа шаардлагатай гэж хөрөнгө оруулагч тал үзжээ. 

“Turquoise Hill Resources”-ийн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ 1.8 тэрбум ам.доллар байгааг санхүүгийн тайландаа дурдсан байна. Энэ нь 2021 оны III улирал хүртэл үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, эрчим хүчний төслийг хөгжүүлж эхлэхэд хүрэлцэхүйц гэж тус компани үзэж байна. “Компанид нэмэлт санхүүжилт шаардлагатай. Гүний уурхайн нарийвчилсан судалгаа болон “Оюу Толгой”-ийн эх үүсвэрийн асуудлаар Монгол Улсын Засгийн газартай харилцан зөвшилцөлд хүрэхтэй зэрэгцээд хэр их санхүүжилт нэмэлтээр шаардагдах вэ гэдэг нь тодорхой болно гэж үзжээ. Хэдий тийм боловч одоогийн тооцооллоор хамгийн багадаа нэмэлтээр дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай гэж “Turquoise Hill Resources” үзэж байна.


Энэхүү мэдээллийн дараа  Австралийн хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш даваа гарагт 2.9 хувиар өсөж, 87.87 австрали доллар болжээ. 


Сэтгэгдэл бичих