Бразилд нийт батлагдсан тохиолдлын тоо 271600-д хүрчээ

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа


 COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэв.


АНУ


АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр өчигдөр тус улсад 24 мянга гаруй шинэ тохиолдол, 933 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд үүнээс 350 мянга гаруй нь эдгэрч, 91 мянган хүн энджээ.


ОХУ-д


Тус улсад өчигдөр 9200 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 300 мянгад хүрэв.


Бразил


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал, өчигдөр 17408 тохиолдол Бразилд шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо  271,600 давжээ. Мөн өдөр нас баралтын тохиолдол 1179-өөр нэмэгдэж, нийт эндэгдлийн тоо 17,979-д хүрсэн байна.


БНСУ


Өчигдөр БНСУ-д шинээр 32 тохиолдол бүртгэгджээ. Тус улс шөнийн клубүүдэд гарсан голомтот халдварын тархалтыг хязгаарлаж чадсан ч Сөүл хотын нэгэн эмнэлэгт шинэ халдварын голомт үүссэн байж болзошгүй талаар мэдээлэв.


Тус эмнэлгийн дөрвөн сувилагч халдвар авсан нь батлагдсан. Үүнтэй холбоотойгоор тэдэнтэй хавьтал болсон 623 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.


Дээрх дөрвөн сувилагч халдвар гарсан караоке, баараар үйлчлүүлээгүй, батлагдсан тохиолдлуудтай хавьтал болоогүй. Тиймээс тухайн халдварын эх уурхайг түргэн илрүүлэх шаардлагатай байгаа талаар Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Ингээд тус улсад өнөөдрийн байдлаар нийт батлагдсан халдварын тоо 11,110 болов.


БНХАУ


БНХАУ-д өчигдөр дотоодод шинээр дөрөв, гаднаас зөөвөрлөгдсөн нэг, шинж тэмдэггүй 16 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус улсад зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэний гурав нь ӨМӨЗО-нд зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бол хоёр нь Жилинь, нэг нь Хубэй мужид тус тус бүртгэгдсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих