Хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхыг анхааруулав

Сүүлийн үед айл өрх хог хаягдлаа ил задгай хаях, шатаах нь ихсэх хандлагатай байна. Хогоо ил задгай шатаасны улмаас гал алдаж өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд нэлээд хохирол учруулах өндөр эрсдэлтэй тул Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн газар анхааруулж байна.


Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар, хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох ажээ.


Түүнчлэн  хог хаягдлыг зориулалтын цэгээс өөр газарт хаясан бол иргэнийг 30 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгох юм байна.


Иймд иргэн, аж ахуй нэгж хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээр, хашаандаа ил задгай гал түлэхгүй байхыг Цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих