Д.Нарангэрэл: 263 хүн гэрийн ажиглалтад шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

 "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр халдвар авсан.


ОХУ-д өчигдөр 8849 хүн халдвар авсан бөгөөд нас баралт нэмэгдэж байна. Манай олон аймагтай хиллэдэг Тува, Буриад, Читэд өвчлөлийн тархац нэмэгдэж байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг уриалж байна" гэв.


Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.


Сүүлийн 24 цагт гурван хүн ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр 1394 хүн ажиглах байранд байна. Тэдний 182 нь архаг хууч өвчтэй бөгөөд иргэдэд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


Түүнчлэн тэрбээр 11 их эмч орон нутгийн 13 галт тэргэнд ажиллаж 5127 зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүйг дурдлаа. Шуурхай 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт гадаадаас 11 иргэн коронавирусийн эмнэл зүйн зөвлөгөө мэдээллийг авсан байна. 

Сэтгэгдэл бичих