АИ-92 авто бензиний дундаж үнэ 1360 төгрөг болж буурлаа

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ буурч эхэлсэн.Өнөөдрөөс жигдэрнэ" гэв. 


Энэ сарын 23–ны өдөр шатахууны дахин буурсан талаар АМГТГ-аас мэдээллээ. 

  • А-80 50 төгрөгөөр,
  • А-92 80-100 төгрөгөөр,
  • А-95 200 төгрөгөөр,
  • Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.

Ингэснээр нийслэлд  

  • А-80 авто бензин 1350,
  • АИ-92 авто бензин 1360,
  • А-95 авто бензин 1800
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.   

ДЭЛХИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ХУВЬД:


2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны үнэ 35.77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байв.


2020 он гарснаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд 'COVID-19"-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэргээс үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 


Энэ оны дөрөвдүгээр сард ОПЕК орнууд өдрийн олборлолтоо 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь "Брент" төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ээээээ - 202.131.243.1862020-05-26 10:54:59

100 төгрөгөөр буучихаад 3 хоногийн дараа 60 төгрөгөөр нэмэгдсэн байна шдээ. Энэ ямар учиртай юм болоооо.