МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томилов

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.


Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.


Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.


МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ

Ажлын туршлага:

  • 2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал
  • 2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал
  • 1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор

Боловсрол:

  • 2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс
  • 1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль
  • 1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль

Сэтгэгдэл бичих