БНХАУ-ын Батлан хамгаалах яам нэг сая юанийн өртөг бүхий тусламж ирүүлжээ

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод өнөөдөр хүлээлгэн өглөө. 


Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй, энх тайвныг тогтоох, цэргийн итгэлцэл, стратегийн түншлэлийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна.


Цэргийн төв эмнэлэг корона  вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт гаднаа ирж тусгаарлагдаж байгаа эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай, суурь өвчтэй, хагалгаанд орсон, эмчилгээнээс ирсэн хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх ажлыг давхар гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна.Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаа"-гаа илэрхийллээ.  


БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй "Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцсэн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм үзүүлж тусгамжийн гараа сунгасан билээ. Хубэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд Батлан хамгаалах яам, Жанжин штаб, зэвсэгт хүчнийхэн хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг харуулсан юм. Хятадын ард түмэн, тэр дундаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй.


Монголын ард түмэн цар тахалтэй тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа нь бахархалтай юм. Гадаадаас тээвэрлэгдэн ирж байгаа  хяналтандаа авч чадаж байна. Монголын зэвсэгт хүчний цар тахалтай тэмцэх ажлыг нь дэмжиж Хятадын Батлан хамгаалах яамнаас хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийг тусламж болгон өгч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье" гэжээ.

Сэтгэгдэл бичих