Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ хүргүүлээд буй.


Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ нягталж, хянаад бүртгэх эсэхэд шийдвэр гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Тэдэн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа аж. 


Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган СЕХ-нд буцаан хүргүүлсэн гэдгийг тус намын гишүүн З.Баянсэлэнгэ хэллээ. Тэрбээр СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм. 


Н.Энхбаярын тухайд 2012 онд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцон төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, гурван жил хорих ял оноосон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн дагуу 263.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлжээ. Мөн Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсанд тооцон долоон жилийн хорих ял оноосон бөгөөд Өршөөлийн хуулийн дагуу гурван жилийг нь өршөөн хасаж, дөрвөн жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 


Харин хяналтын шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар Н.Энхбаярт анхан шатны шүүхээс ногдуулсан долоон жилийн хорих ялыг таван жил зургаан сар болгосон бөгөөд үүнээс гурван жилийг өршөөн хасаж, хоёр жил зургаан сарын хорих ялаар тогтоож байжээ.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” хэмээн заасан байдаг. Тиймээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ти - 202.21.117.342020-05-27 08:40:46

Энэ хүнээс айгаад байхыг бодоход МАНАН бүлэглэл монголын төрд гүн шургалсан байна гэсэн үг

zochin - 202.179.26.2262020-05-26 16:09:04

Boliochee