Энэ долоо хоногт зам тээврийн ослоор есөн хүн амиа алджээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор есөн хүн амь насаа алдсаны дотор гурав нь хүүхэд байжээ. Тэдний хоёр нь нийслэлд, долоо нь орон нутагт осолджээ.  Мөн авто ослын улмаас 21 хүн бэртсэн байна. Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ноцтой ослуудыг тоймлон хүргэе.


2020.05.25-нд 10:30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Баянгол сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр газарт шороон замд М жолоочтой Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй М-ийн амь насыг хохироожээ.


2020.05.25-нд  18:50 минутын орчимд Дархан-уул аймгийн нутаг, Дархан сумын 13 дугаар  багийн нутаг дэвсгэр аймгийн төвд газарт шороон замд Daewoo маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон байна.


2020.05.25-нд 22:43 цагийн үед СХД-ийн 32 дугаар хорооны нутаг Эмээлтийн замд Hyundai Sonata-6 маркийн Д жолоочтой автомашин явган зорчигч 45 настай, эрэгтэй Э-г мөргөж, амь насыг нь хохироожээ.


2020.05.26-нд  23:05 цагийн  үед Дорноговь аймаг, Замын-Үүд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр асфальтан замд Nissan Bluebird маркийн автомашины жолооч  А  нь  зогсоолд  байсан Dayun маркийн ачааны автомашины араас мөргөж, Nissan Bluebird маркийн жолооч 30 настай, эрэгтэй А нь амь насаа алджээ.


2020.05.27-нд  07:30 цагийн  үед  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-4 салбарын төмөр зам дээр 31 настай, эрэгтэй Г нь галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ.


2020.05.27-нд 10:00 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд Hyundai porter маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 8 настай, эмэгтэй Н-ийн амь насыг хохироожээ.


2020.05.27-нд 13:50 цагийн үед Төв аймгийн Баянцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Scania маркийн С жолоочтой ачааны автомашин Toyota Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эмэгтэй Ч, зорчигч 1 настай, эмэгтэй Н-гийн 2 хүний амь нас хохирсон,


2020.05.27-нд 20:00 цагийн үед Төв аймгийн Бүрэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.


Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр хүний амь нас хохирсон осол өмнөх долоо хоногоос 11.2 хувиар өссөн байна. Харин нийт дуудлага мэдээлэл 7.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 1.2 хувиар тус тус буурчээ. Тус албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 25-29-нд нийт 967 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 696 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. 


Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.


Сэтгэгдэл бичих