Хятад улс дэлхий нийтэд хүртээмжтэй коронавирусийн вакцин хийнэ

Хятадын эрх баригчид дэлхий нийтэд хүртээмжтэй коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар төлөвлөж байна. БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн сайд Ван Жиган ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.


Одоогоор вакциныг үргэлжлүүлэн туршиж байгаа бөгөөд аюулгүй байдал, үр дүн, хүртээмж зэрэг үзүүлэлтийг  чухалчилан үзэж байгаа аж. “Дэлхий нийтээрээ вакцин гаргаж авах болон дараа дараачийн шатанд хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэх хэрэгтэй” гэж тэрээр онцолсон байна.


Тавдугаар сард Хятад улс коронавирусийн янз бүрийн вакциныг 2575 сайн дурын хүн дээр амжилттай туршжээ. Ийнхүү вакцинууд аюулгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Туршилтад оролцож буй сайн дурынхнаас дагалдах сөрөг нөлөө  илрээгүй ажээ.


Түүнчлэн Хятад улс вирусийн дэгдэлт дөнгөж эхлэхэд коронавирусийн тухай хэд хэдэн баримтыг зориудаар нууж байсан нь тодорхой болж байна. “Дейли мэйл” сонин бие даасан Caixin медиа группийн судалгааг иш татан ингэж мэдээлжээ. Сонинд бичсэнээр, БНХАУ-д нэг тодорхойгүй өвчин дэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлэхээс бүр өмнө нь хятадын таван лаборатори аюултай коронавирус гарсан тухай дүгнэлт хийсэн байна.


Өвчин халдварладаг нь баттай болохыг коронавирусийн халдвар авсан хүмүүсээс шинжилгээ авсан судалгааны төвүүдийн нэг нь бүр 12 дугаар сард тогтоожээ.Ийнхүү Хятадад дэгдэлт эхэлсэн үед энэ нь ямар өвчин болох төдийгүй хүнээс хүнд халддагийг мэдэж байсан аж.





Б.Атар

 

Сэтгэгдэл бичих