Амлалтаа биелүүлээрэй "Ардын Нам" аа!

2020 оны УИХ-ын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид ихэнх тойрогт ялалт байгууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд эрх баригч МАН урьдчилсан байдлаар 62 суудал авсан. 


Сонгуулийн тухай хуулийн 134-ийн гуравт зааснаар СЕХ УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрсийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Ерөнхийлөгчид айлтган олон нийтэд мэдээлэх ёстой.


Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрхтэй болоод буй МАН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тус намын мөрийн хөтөлбөрт үндсэн зургаан чиглэлд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг тусгасан бөгөөд хамгийн түрүүнд иргэдийг орлоготой, хуримтлалтай болгохоос гадна эрүүл мэндийг дэмжин, чанартай боловсрол олгох хүний хөгжлийн бодлогыг тусгажээ. Эдгээрээс онцлох заалтуудыг хүргэж байна.


ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДИЙН ХАОАТ-ЫГ 2 ДАХИН БУУРУУЛНА

Тус намаас олонх болж сонгогдвол ирэх дөрвөн жилд иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бөгөөд өрхийн бичил бизнесийг дэмжиж хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ гэжээ. Үргэлжлүүлнэ гэдэг нь 2016 оны мөрийн хөтөлбөрт багтсан Итгэлийн зээл олгох заалт байх магадлалтай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барьсан юм.


Мөн

  • Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгох
  • Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулах
  • Хүүхэд бүрийг хуримтлалтай болгох,
  • Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх зэрэг заалтыг хүний хөгжлийн бодлого хэсэгт тусгасан байна.


БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД 4-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОНО



МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийгмийн даатгал төлдөг хүн бүр урьдчилгаа төлбөр төлөлгүй орон сууцтай болох боломжийг бий болгох талаар мэдээлж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр ч удаа Сингапурт ажлын айлчлал хийж, тус улсын орон сууцны бодлогыг Монголын хөрсөнд буулгахаар “суралцсан”. Тэгвэл энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө


  • Нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгох
  • Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгох,
  • Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална
  • Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна гэжээ.


ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Эрүүл иргэдтэй болох энэ хэсэгт иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Долоо дахь парламент Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ордог байхыг хуульчилсан. Тэгвэл үүнийг ажил хэрэг болгох заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.


Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа”, эрчүүдийн дундаж наслалтыг уртасгах “Эрүүл чийрэг эр хүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр заажээ.


Түүнчлэн


  • Мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна
  • Олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна
  • Хеликобактеритэй тэмцэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж нянгийн шалтгаант ходоодны архаг үрэвсэл, шарх, хорт хавдрын шинэ тархалтыг таслан зогсооно
  • Яаралтай тусламжийн үндэсний сүлжээний чадавхыг дээшлүүлж, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, шаардлагатай үеийн нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлнэ
  • Сумдын эмнэлгийг халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжтай болгоно зэрэг ажлуудыг оруулсан байна.


ЕБС-ИЙН ӨВЛИЙН АМРАЛТЫН ХУГАЦААГ УРТАСГАНА


Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийн чиглэлд МАН дөрвөн жилийн хугацаанд нийт 36 зорилт дэвшүүлжээ.


Цэцэрлэгийн хүүхдийн орны тоог нэмж, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх төдийгүй цэцэрлэгийн бүлэг бүрд 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулан хүүхэд хүлээж авах, өгөх цагийг уртасгаж эцэг, эхчүүдэд ажлаа тараад хүүхдээ авдаг боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл ажлын цаг тараагүй байхад цэцэрлэг тардаг явдлыг таслан зогсоох юм байна.


Мөн хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээхээр тусгажээ. Яслийн үйлчилгээг сэргээснээр ээж нар хүүхдээ цэцэрлэгт орох нас буюу 2 хүрэхийг нь хүлээлгүй ажилдаа орох боломжтой болох юм. Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө оруулсан байна.


Үүнээс гадна

  • Суралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна
  • Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ
  • Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ
  • Олон Улсын “Найрамдал-2” хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна
  • Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, төрөөс дэмжинэ.


ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ОРЧНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЖ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА


Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр хийх ажлууд дунд хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгохоор тусгажээ.


Мөн хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлэх заалтуудыг тусгасан байна.


Хүний хөгжлийн бодлогын зургаа дахь хэсэг буюу үндэсний бахархал, өв соёл хэсэгт

  • Үндэсний бахархал, монгол өв, соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилгоор “Чингис хаан музей”, “Үндэсний урлагийн их театр”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний төв номын сан”-гийн барилга, байгууламжийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгана
  • Соёлын асуудал хариуцсан яам байгуулна
  • Иргэд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий спорт цогцолборыг аймаг бүрд барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
  • Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Паралимпийн болон үндэсний спортын цогцолборыг барина гэсэн байна.


МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОХ 10 ЗААЛТ


  1. Агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна: Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
  2. Урьдчилгаа төлбөргүй байр, ипотекийн зээлийн хүү 4-6 хувь болгоно: “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж нийгмийн даатгал  төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан  авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоо бий болгоно. Анх улаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг жилийн 4-6 хувь болгон бууруулна. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
  3. Цалин тэтгэврийн бодит өсөлт: Цалингийн бодит өсөлтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил эрхлээгүй иргэдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадвар ахиулах сургалтад хамруулж, ажлын байраар хангана. Өрхийн бизнесийг дэмжиж, барьцаагүй, бага хүүтэй санхүүгийн  дэмжлэг үзүүлнэ. Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн бага түрээс төлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  4. Уул уурхайн ашиг иргэн бүрт: Уул уурхайгаас олох үр шимийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш ,шударга хүртээх тогтолцоо бүрдүүлнэ. Жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хөрөнгө хуримтлуулна.
  5. 150 мянган ажлын байр бий болгоно: Үндэсний аж үйлдвэрийн салбараа сэргээн хөгжүүлж, 150 мянган ажлын байр бий болгоно.
  6. Импортлогч улсаас экспортлогч улс: “Монгол мал-2” хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. “Атар-4” аяныг зохион байгуулж, дотоодын  хэрэгцээг бүрэн хангана.
  7. Хүүхдийн төлөө цогц бодлогыг сайжруулна: Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.
  8. Уул уурхай, аж үйлдвэрт мега төслүүд хэрэгжинэ: Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, өргөтгөлийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинээр коксын  зэс хайлах, төмөр, боловсруулах үйлдвэр байгуулна.
  9. Үндэсний дэд бүтцийн сүлжээ байгуулна: Авто замын сүлжээг өргөтгөн, шинээр 2300 км хатуу хучилттай зам барина. Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно. Мянганы замаас Дашинчилэн-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замыг барьж дуусгана. Хархорин-Төвхөн-Улаан цутгалан, Алтай-Улиастай, Ховд-Улаангом,Чойбалсан-Хавиргын боомт, Тавантолгой-Ханги  боомт чиглэлийн  авто зам барина. Багануур 400 МВт, Таван толгой 300 МВт-ын цахилгаан станцыг барьж, дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Төмөр замын сүлжээг өргөтгөн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км,Таван толгой Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгана. Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан,Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам зэрэг чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.
  10. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна: Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 600 байнгын ажлын байр шинээр бий болно. 

Сэтгэгдэл бичих