Э.Бат-Үүл: Хууль зөрчиж сонгууль явуулсан бол эдгээр тойргийг хүчингүй болгох ёстой

2020 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрог Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Сонгуулийн ерөнхий хороо дүнг олон нийтэд танилцуулах гэж байгаатай холбогдуулан УИХ, Ерөнхийлөгчид хандан сонгуулийн дүнтэй холбоотой асуудлыг тавих гэж байгаагаа мэдэгдэж байна. Та бүхэн мэднэ. Сонгууль ид үргэлжилж байхад зургаадугаар сарын 18-ны өдөр Д.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Ингэхдээ СЕХ-ны зөвшөөрөлгүй шууд шүүхийн шийдвэрээр хорьсон.


Д.Ганболдын өмгөөлөгчийн хэлснээр шүүх Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хурлын өмнө шүүхээс өмгөөлөгчтэй нь яриад Д.Ганболдыг хаана явж байгааг тодруулан, дуудах шаардлагатай эсэхийг асуухад сонгуулийн ажлаа хийж бай гэж хэлсэн хэр нь гэнэт барьцаа нэхээд түүнийг нь тавиагүй хэмээн цагдан хорьсон. Д.Ганболд тэргүүтэй зургаан хүнийг цагдан хорьсоор байгаад сонгуулийн санал хураалт боллоо. Шүүх сонгуульд нөлөөллөө. Тухайн үед би СЕХ-нд асуулга тавихад эдгээр нэр дэвшигчдийг цагдан хориход СЕХ-д мэдэгдээгүй гэсэн. Тухайн нэр дэвшигчдийг цагдан хорьсноор сонгогчид санал өгч болох эсэхэд эргэлзээ үүссэн. Тиймээс сонгуулийн дүнд нөлөөлсөн. 


Тиймээс энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ үүнийг заавал хэлэлцэх ёстой. Сонгуулийн дүн хуульд нийцэж явуулсан байх ёстой. Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийг явуулсан бол эдгээр тойргийг шууд хүчингүй болгох ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чандлан барих ёстой байтал тэгсэнгүй. Шүүхээс хүний эрхийг дураараа зөрчиж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол дарангуйлал тогтож, сонгууль болмогц нэр дэвшигчдийг цагдан хорьдог жишиг тогтоно" гэв.  

Сэтгэгдэл бичих