УИХ-ын анхдугаар чуулганыг Х.Баделхан даргална

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, сонгогчдоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид даваа гарагт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргаад байна.


2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудлыг авлаа. Ингэснээр Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдээд байна.


Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.


2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 1-нд хуралдуулах зарлигийг гаргаж байжээ. Анхдугаар чуулганы дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагддаг.

Сэтгэгдэл бичих